Дуурийн дуучин Окүяма Юмид Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулав
Япон Улсын Элчин сайдын өргөөнд Дуурийн дуучин Окүяма Юмид 2025 оны Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ болов.
Окүяма Юми нь 1999 оноос сопрано дуучны хувиар Монголын тайзнаа маш олон удаа тоглохын зэрэгцээ Японы дуу хөгжмийг Монголд, Монголын дуу хөгжмийг Японд таниулах гүүр болон амжилттай ажиллаж ирсэн юм. 2011 оноос дуулах ур зүйн багшаар ажиллахдаа хөгжмийн боловсролын салбарт ажиллан, монгол шавь нартаа японы дуу зохиол олныг заан сургаж, япон соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Түүнчлэн тэрбээр Монголд амьдарч буй япон иргэдийн найрал дууг удирдах, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны ойн баярын арга хэмжээнүүдэд тоглох, Японы ЭСЯ-наас зохион байгуулдаг Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтад ая дуугаа өргөх зэргээр хөгжмийн урлагаар дамжуулан Япон, Монголын харилцан ойлголцол, найрамдалт харилцааг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.