Тамхины хяналтын тухай хууль “хүүхдүүдийг аврах” уу, хууль бус худалдааг цэцэглүүлэх үү?

Хууль, дүрэм нь өөрөө хууль ёсны бизнес эрхлэгчдийг хууль бус тоглогчдоос ялгаж чадахгүй болоод ирэхээр хуулиа мөрдөж ажилладаг хэсэг нь бизнесийн нэр хүндээрээ хохирч байдаг бол хууль бус борлуулагчид хяналтаас гадуур, далдуур ажилласаар, ашиг олсоор л байдаг. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь хууль бус худалдааг нэмэгдүүлж, хэрэглэгчдийг эрсдэлд оруулж, жижиг бизнесүүдийг сүйтгэх сүүдэр дагуулахаар байгаа ийм тохиолдолд “хүүхдүүдийг электрон тамхинаас хамгаална” гэдэг сайхан уриа нь зүгээр хоосон пиар л болоод өнгөрөх вий дээ.
Тамхины хяналтын тухай хууль арваад жилийн өмнө батлагдан гарч, амжилттай бодлогын жишээнд одоог хүртэл яригддаг ч үндсэндээ ганц л заалтын хэрэгжилт олны эрх ашигт нийцсэн нь олон нийтийн газарт хаа хамаагүй тамхи татдаг байсныг цэглэсэн явдал юм. Монголд “Тамхи татах зөвшөөрөгдсөн цэг” гэдэг зүйл тэр үеэс бий болсон ч өнөөдөр өндөр хөгжилтэй улс орнуудад тэрхүү тамхины цэг нь зөвхөн утаагүй тамхинд зориулагддаг болжээ. Дам тамхидалтын нөлөөнөөс тамхи татдаггүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, тамхичдад хор багатай сонголтыг өгөх концепци хөгжингүй орнуудад хэрэгждэг гэсэн үг. Энэ нь утаат янжуур тамхины зах зээлийг хумиж эхэлсэн нь ч үнэн.
Монгол Улсад Тамхины хяналтын тухай хуулиар дараагийн гавьяаг байгуулахыг хичээж буй хууль санаачлагчид хүүхдүүдийг вэйпнээс гаргах нэрээр утаагүй тамхин бүтээгдэхүүнийг хэрэглээнээс шахаж, янжуур тамхины зах зээлийг хамгаалах хуулийн төслийг зүтгүүлж буй нь сүүдэртээ дам сөрөг үзэгдлүүдийг цэцэглүүлэх эрсдэлтэй байгаа юм.
Европын холбоо, OCED-ын гишүүн орнууд, АНУ, Япон, Солонгост утаагүй тамхин бүтээгдэхүүнийг эрүүл мэндэд хор багатай гэдгийг тодорхой судалгаанд үндэслэн тогтоож, үүнийг харгалзан татварын хувь хэмжээг тогтоож өгснөөр тэдгээр нь янжууртай өрсөлдөхүйц хямд үнээр зах зээлд зарагдаж байна. Тамхи татдаггүй болон тамхи татдаг хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, нийтийн эрүүл мэндийг дэмжинэ гэдэг бодлого бол энэ юм. Тодруулбал, халаадаг тамхинд ногдуулж буй татвар янжуурт ногдуулах татвараас дэлхийн хэмжээнд 50 хувь, Эдийн үасгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудад 56 хувь, Европын холбооны орнуудад 60 хувиар бага байгаа юм. Эдгээр бүтээгдэхүүнийг хуульчлах, татвар ногдуулахыг хэн ч эсэргүүцээгүй. Гэтэл хууль санаачлагчид хөгжингүй орнуудын туршлага, жишгийг баримтлах байтугай янжууртай ижил татвар тогтоогоод зогсохгүй тамхи, гаанаас өөр үнэр, амт хориглох, тусгай төхөөрөмжинд нь онцгой албан татвар ногдуулах замаар албан ёсны импортлогч орж ирэх боломжгүй болтол нь шахаж байна. Үүнийг хэрэглэгч өчнөөн хүмүүс энд тэндхийн онгоцны буудлын татваргүй дэлгүүрээс нэг нэгдээ захиж, зөөж, нэг нэгдээ зардаг. Нэгэнт байгаа хэрэглээ.
Европын холбоо, OCED-ын гишүүн орнууд, АНУ, Япон, Солонгост утаагүй тамхин бүтээгдэхүүнийг эрүүл мэндэд хор багатай гэдгийг тодорхой судалгаанд үндэслэн тогтоож, үүнийг харгалзан татварын хувь хэмжээг тогтоож өгснөөр тэдгээр нь янжууртай өрсөлдөхүйц хямд үнээр зах зээлд зарагдаж байна. Тамхи татдаггүй болон тамхи татдаг хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, нийтийн эрүүл мэндийг дэмжинэ гэдэг бодлого бол энэ юм
Харин одоо хуулиар хавчин шахсан тохиолдолд юу болох вэ?
Telegram зэрэг нийгмийн сүлжээний платформ, захын жижиг лангуу, Хятадаас орж ирдэг хууль бус импорт нь хэрэглээний орон зайг шууд нөхнө. Эдгээр борлуулагчид нь татвар төлөхгүй, лиценз авахгүй, хяналтаас гадуур зэрэг илт давуу талтай байх болно.
Хууль, дүрмээ мөрдөж, татвараа төлдөг хууль ёсны жижиглэн худалдаачид хямд, татваргүй, аюултай бараа, бүтээгдэхүүн санал болгож, хуулиас гадуур ажиллаж буй тоглогчидтой өрсөлдөж чадахгүй. Үр дүнд нь хэрэглэгчийг хамгаалалтгүй болгож, улсын төсөвт орлого оруулдаггүй далд зах зээл цэцэглэж болзошгүй.
Хууль бус сувгаар борлуулагдаж буй хяналтгүй бүтээгдэхүүнүүд ноцтой аюул дагуулдаг. Хар зах зээл дээр эргэлдэж буй олон төрлийн вейпны шингэн болон халаадаг тамхины ороомог нь хуурамч буюу дуураймал, хортой бодис агуулсан, дахин савласан байдаг бөгөөд чанарын болон ариун цэврийн хяналтаас гадуур үйлдвэрлэгддэг. Эдгээр бүтээгдэхүүнийг худалдан авч буй хэрэглэгчид юу амьсгалж байгаагаа, гаднах заавар дээр заасан найрлага байгаа эсэхийг ч баттай мэдэх боломжгүй.
Ийм нөхцөлд хууль ёсны худалдаачид хууль бус нийлүүлэлтийн сүлжээнд огт хамааралгүй атлаа хэрэглэгчийн гомдол, санал, эрүүл мэндэд учирсан хохирол зэргийн буруутан болж хэлмэгддэг. Хууль, дүрэм нь өөрөө хууль ёсны бизнес эрхлэгчдийг хууль бус тоглогчдоос ялгаж чадахгүй болоод ирэхээр хуулиа мөрдөж ажилладаг хэсэг нь бизнесийн нэр хүндээрээ хохирч байдаг бол хууль бус борлуулагчид хяналтаас гадуур, далдуур ажилласаар, ашиг олсоор л байдаг.
Хууль бус борлуулалт нэмэгдэх нь үндэсний эдийн засагт гинжин урвал мэт үр дагавар авчирна. Хууль бусаар борлуулсан татваргүй бүтээгдэхүүн бүр нь улсын төсөвт орох ёстой байсан боловч ороогүй буюу алдагдсан онцгой албан татвар, НӨАТ, гаалийн орлогыг илэрхийлнэ. Засгийн газрын санхүүгийн байдал сулрах бөгөөд хяналтын байгууллагууд бүртгэлгүй худалдааны өсөлтийг хязгаарлахад хүндрэлтэй болно. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь хууль бус худалдааг нэмэгдүүлж, хэрэглэгчдийг эрсдэлд оруулж, жижиг бизнесүүдийг сүйтгэх сүүдэр дагуулахаар байгаа ийм тохиолдолд “хүүхдүүдийг электрон тамхинаас хамгаална” гэдэг сайхан уриа нь зүгээр хоосон пиар л болоод өнгөрөх вий дээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.