Ирэх онд манай улс "элгээрээ хэвтэх нь" гэдгийг Сангийн сайд батлан ярив

Манай улс эдийн засгийн гүн хямралд ороход ойрхон байна гэдгийг Сангийн сайд "батлав". Өчигдөр УИХ-ын МАН-ын бүлгийн хэсэг гишүүд хуралдаж бүлгийн даргаа огцруулах арга хэмжээ авснаа хэвлэлийнхэнд мэдээлсэн. Энэ үеэр сэтгүүлчид төрийн ордны гадаа жагсаж буй эмч, багш нарын цалинг хэрхэн нэмэх, тэтгэвэр тэтгэмжийг 1,5 сая төгрөгт хүргэх боломж бий эсэхийг тодруулан асуусан. Энэ асуултад УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан дараах хариултыг өгсөн юм.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан:
-Би өнөөдрийг хүртэл хэлсээр байсан. Төсөв өргөн баригдсанаас хойш төрийн албан хаагчдын зүгээс янз бүрийн санал гарч байна. Төсөв өргөн баригдсанаас хойш бид хүнд "хайчин дунд", хуулиар аль хэдийнэ хуваарилагдсан байдаг төсвийг арайхийн өргөн барилаа. Цалин тэтгэвэр тэтгэмжийг үүрэг өгсний дагуу нэмэгдүүлэх ямар боломж, эс үүсвэр байгаа нь хүсээд байхаар тооцоолол биш. Уучлаарай, нөөц боломж байхгүй. Одоо бид төсвөөр санхүүждэг төрийн үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар хязгаарлана гэсэн үг.
Багш, албан хаагчдын цалинг 20 хувь хүртэл, эмч нарын цалинг 15 хувь хүртэл, тэтгэврийг 8 хувь хүртэл нэмэгдүүлэхэд нийтдээ 850 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Энэ бол төсвийн урсгал зардлын 10 хувь. Жигд 10 хувь хасна гэдэг төрийн үйл ажиллагааг тэр хэрээр хязгаарлагдана гэсэн үг. 2022 оны нэгдүгээр сард төсөвт тодотгол хийж тэтгэврийг 10 хувь нэмэхдээ бусад салбарын зардлыг 15 хувь хасаж байсан жишээ байна. Одоо яг ийм процесс рүү явна. Аль нэг салбарт нөөцөлсөн илүү төсөв байхгүй, үргүй зардал гэж хаана ч байдаггүй. Би ойлгодоггүй.
Маш хүнд төсвийн зохицуулалт хийгдэх нь. 2025.09.01-нд хуулийн дагуу Засгийн газар төсөв төлөвлөхдөө бүх хязгаарт нь тулгаж, танаж өргөн барьсан. Бүх сайд нарыг "зардлаа 10 хувь тана" гэсэн. Буруу харж уйлж, зөв харж толгойгоо маажиж байна. 2026 оны төсөв дээр өмнө байгаагүй олон нийтийг хамарсан санал асуулга явуулсан. Энэ үед "Эрүүл мэнд, боловсролын салбарыг анхаараарай" гэх санал түлхүү гарсныг ойлгож байна. Цалинг 3,5 сая хүргэхэд нэг жил хангалтгүй. Дунд хугацааны хөтөлбөр гаргаж, хоёр тал ярилцаж байж шийдэх хэрэг. Эхний ээлжинд 20 хувь нэмэх л боломжийг эрэлхийлж байна гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.