З.Хүрэлбагана: Үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш нийт 114.6 сая орчим мод тарьжээ

З.Хүрэлбагана: Үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш нийт 114.6 сая орчим мод тарьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд жил бүрийн хавар, намар мод тарих арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулдаг. Намрын мод тарих өдрүүд өдгөө үргэлжилж байна. Энэ хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулж буй талаар Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа З.Хүрэлбаганаас тодрууллаа.  

-Улс орон даяар намрын мод тарих өдрүүд үргэлжилж байна. Танай албанаас хавар, намрын энэ зорилтот өдрүүдэд нөлөөллийн аян зохион байгуулж хэвшсэн шүү дээ.

-Тийм ээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах үүднээс мод тарих, ургуулах, арчлах ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах, соён гэгээрүүлэх зорилго бүхий “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 онд “Зөв мод-зөв арчилгаа”, 2022 онд “Байгалиа бүтээе”, 2023 онд “Мод тарьж байгалиа бүтээе”, 2024 онд “Хүн бүр мод тарьцгаая”, “Алтан намар мод тарих цаг”, 2025 онд “Хашаандаа мод тарья”  аяныг улсын хэмжээнд зохион байгуулсан. Энэ жилийн хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Экологийн цагдаагийн алба, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дэмжлэгтэй энэ сарын 1-нээс “Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” мэдээлэл, нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

-Энэ үндэсний хөдөлгөөн зорьсон зорилгоо хэрхэн биелүүлж байгаа бол? 

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нь ойг нөхөн сэргээх, цөлжилт, газрын доройтол, хөрсний элэгдсэн эвдрэлийн эсрэг хамгаалалтын зурвас байгуулах, хот суурин газарт ногоон байгууламж бий болгох гэсэн үндсэн гурван зорилгын хүрээнд зохион байгуулагддаг. Энэ жилийн хувьд намрын улиралд тарьсан модоо арчлах, хамгаалах, өвөлжүүлэх бэлтгэл хангах чиглэлээр “Тарьсан модоо арчилцгаая” уриалга гаргаж, иргэд олон нийтэд мэдээлэл бэлтгэн хүргэж байна. Үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш улсын хэмжээнд нийт 114.6 сая орчим мод тарьж, хангалттай хэмжээний тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн талаар албаны хүмүүс мэдээлсэн. Тиймээс иргэддээ хандаж, намрын мод тарих арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцож, тарьсан модоо арчлан хамгаалахыг уриалж байна.

-Экологийн цагдаагийн алба байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх гол үүрэгтэй байгууллага. Хууль бусаар мод бэлтгэх явдал байнга л гардаг. Өнөө жил энэ төрлийн хэчнээн гэмт хэрэг гарсан бол?

-Цагдаагийн байгууллага, тэр дундаа Экологийн цагдаагийн алба нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, цаашлаад иргэд олон нийтэд экологийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг нийт 341 бүртгэгдсэн. Үүнээс 150 буюу 44 хувийг нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг эзэлж байна. Тус албанаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд экологийн боловсрол олгох, модны үнэ цэн, ач холбогдлыг сурталчилан таниулах чиглэлээр мэдээлэл, нөлөөлөл, соён гэгээрүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн.

6224dff1b8c242daa287d4ac9a9788e8

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.