🔴 О.Саранчулуун: Та нар 10-20 жил улс төрд байхдаа юу хийв ээ? Бидний залуу улс төрчдөд юу заагаад байгаа юм бэ?
УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч дууслаа. Байнгын хорооны гишүүд саналаа хэлж байна.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
-Манай улс төрд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг нь бусдыг гүтгэж, гутаан доромжилж, буруутгахыг хэлдэг юм уу? гэж би асуумаар байна. Улс төрийн туршлага гэж яг юу юм бэ? Бусдыгаа харлан гутааж байгаа он жилүүдийн чинь нийлбэр юм уу? Уг нь миний ойлгож байгаагаар бол нийгмийн амьдралд өөрчлөлт ахиц авчирсан туршлага биш юм уу?
Сангийн сайд аа! Та улсынхаа статистикийг хардаг уу? Монголд өвдөөгүй айл, ядарсан зовсон хамаатангүй гэр бүл гэж байгаа юу? Хавдар, амиа хорлолтоор дэлхийд тэргүүлж байна. Ийм олон жил улс төрд явсан, олон засгийн газарт ажилласан улс төрийн туршлагатай юм бол яагаад засаж залруулахгүй байна вэ? Засаж залруулъя гээд ороод ирсэн бид нарыг яагаад дэмжихгүй байна вэ? Ядарсан иргэдээ бодлогоор дэмжээч гэхээр дургүйд хүчгүй гэдэг шиг яасан өөдгүй юм бэ, та нар? Гадаа жагсаж байгаа иргэдийг та нар нэг л өдөр гарч ирсэн гэж бодоо юу? Олон жил сарын том жижиг асуудал нийлж, аргаа бараад гарч ирж байна шүү дээ.
Эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх бодлогоор дэмжинэ гэж зөндөө ярьчихаад үйлдлээрээ дэмжээгүйн чинь төлөө, халамж авагчид гэж бамбай хийж ярьдаг хэрнээ бодит амьдрал дээр ядуусаа дэмжээгүйн чинь төлөө, боловсролын салбарт бүгдийг тэгш хамруулах боломжийг олгоно гэж өнгөн дээрээ ярьдаг ч үйлдэл дээрээ анхаардаггүйн чинь төлөө, энэ бүхнийг "засаж залруул" гэж бид нарыг жагсаалтад оруулж, 2023.05.31-ний өдөр Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард түмний төлөөлөл гэж оруулчихаад оруулсан бодлогыг маань сонсдоггүй, дэмждэггүй, ярья гэхээр өөр аргаар ярих гэж үздэг, ийм хайхрамжгүй хандлагын чинь төлөө би өнөөдөр энд сууж байна.
Ирээдүйд над шиг олон залуус ийм аргаар суралцахыг хүснэ гэж үү. Ийм аргаар зааж, үлгэрлэх юм уу? Тэгвэл яах гэж Үндсэн хуулийг өөрчилсөн юм бэ. Өмнөх засгийн алдааг засна, хүний эрхийн төлөө ажиллана гэчихээд яагаад үйлдэл дээрээ хийхгүй байна вэ? Тийм учраас миний ард байгаа олон мянган хүний өмнөөс энэ Засгийн газар ажлаа хийхгүй байна гэж үзэж байна. Мэдэхгүй байгаа байх гэж би боддог байсан. Үгүй юм байна, мэддэг юм байна. Сэтгэл гаргадаггүй юм байна.
Цаашдаа би энэ зарчмаа үргэлж ярих болно, шаардана. Ганцхан багана мөр, санхүүгийн төлөвлөгөөний асуудал ярихад л ингэж хандаж байна. Сэтгэлгүй хүмүүсийг эсэргүүцэж ахмадууд жагсаж байна. Миний ард өчнөөн хүмүүс байна. Та нар 10-20 жил улс төрд байхдаа юу хийв ээ?
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.