Онцгой байдлынхан техник, тоног төхөөрөмжөөр хүч сэлбэв

Монгол Улсын Засгийн газраас улсын төсөв болон олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2025 онд Засгийн газрын хоёр удаагийн тогтоол, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар туулах чадвар сайтай, шуурхай албаны 32 автомашин, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагаанд хэрэглэгдэх бага, дунд оврын 12 нэгж техник, 13 ширхэг гал унтраах мотоциклийг шийдвэрлэснийг өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хүлээлгэн өглөө.
2021 онтой харьцуулахад техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хувцас хангалтын түвшин дараах байдлаар нэмэгджээ.
• Техник, тоног төхөөрөмжийн хангалт 31.5 хувиас 44.5 хувь,
• Аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 44.8 хувиас 63.6 хувь,
• Тусгай зориулалтын хувцас хэрэгслийн хангалт 37.4 хувиас 62.4 хувь,
• Гал унтраах зориулалтын багаж хэрэгслийн хангалт 38.9 хувиас 63.3 хувь,
• Холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн хангалт 20.2 хувиас 48.8 хувь болж өссөн байна.
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх II шатны төсөл”-ийн хүрээнд 42 метрийн урттай автомеханик шаттай хоёр, 32 метрийн урт шаттай хоёр, нийт дөрвөн автомашин нийлүүлсэн. Эдгээр автомашинууд нь манай улсын цаг уур, орчны нөхцөлд тохируулан үйлдвэрлэгдсэн бөгөөд 42 метрийн урт шаттай гал унтраах автомашиныг анх удаа ашиглаж эхэлж буйгаараа онцлог юм.
Цаашид Азийн хөгжлийн банктай хамтран “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь” болон “Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх нь” төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гамшгийн эрт зарлан мэдээлэх системийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зайнаас тандан судлах, газарзүйн мэдээллийн системийг хөгжүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх боломж бүрдэх юм.
Үүний үр дүнд гамшигтай тэмцэх чадавх дээшилж, техник хэрэгсэл, тусгай зориулалтын хувцас, багаж хэрэгслийн хангалт улсын хэмжээнд дунджаар 80 хувьд хүрэх ач холбогдолтойг Шадар сайд С.Амарсайхан онцоллоо.
Зургийн цомог










×
1 / 10
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.