А.Дэлгэржаргал: Хотын захиргааныхан "Хүүхдийн номын байшин"-г өөрсдийн гараар нураана хэмээн сүрдүүлж байгаа нь харамсалтай

Монголын хүүхдүүдийн хамгийн их шимтэн уншдаг “Цондоолой Цүндээлэй хоёр”, “Динза” зурагт номын зохиолч, уран бүтээлчид хотын удирдлагуудын алдаатай бодлогын балгаар хохирол амсаад байна хэмээв.
Учир нь саяхан болж өнгөрсөн номын баяраар тэд монголд анх удаа зөвхөн ном борлуулах төдий бус эцэг эх, багш сурагчдыг хамруулсан сургалт хэлэлцүүлэг өрнүүлэх, хүүхэд тоглож наадангаа унших орчныг бүрдүүлсэн 725 мкв бүхий томоохон байгууламжийг Сүхбаатарын талбайд барьж байгуулжээ. Энэхүү үйл ажиллагаанаас олсон орлогоороо номын зохиолч дунд сургуульд ном унших орчныг бий болгож тохижуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Нийтдээ 100 сургууль ийм орчинтой болох нь. Энэ ч утгаараа номын баярын хамгийн оролцоотой, бужигнаантай байсан Номын байшингийн хэсэгт гуравхан өдрийн дотор 20 мянга гаруй хүүхэд оролцсон байна.
Үйл ажиллагааны талаарх товч мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
Хотын захиргааныхан ч энэхүү үйл ажиллагааг анхнаас нь дэмжин номын байшинг Сүхбаатарын талбайд байршуулахыг зөвшөөрсөн байна. Гэсэн ч ердөө маргаашаас нь эхлэн энэхүү зөвшөөрлөө үгүйсгэн номын байшиг яаралтай буулга, нураа гэх зэргээ удаа дараа албан хаагч нараараа дамжуулан дарамталсаар өнөөдрийг хүрч байгаа гэлээ.
Энэ талаар тус номын зохиолч А.Дэлгэржаргалаас тодруулахад, “Х.Нямбаатар дарга Сүхбаатарын талбай дээр хоол тараахын тулд нэг тэрбумыг цацсан хэрнээ хүүхдэд зориулсан Номын байшинг өөрийн гараар нураана хэмээн сүрдүүлж байгаад харамсч байна.
Бид нийслэлийн удирдлагуудаас номын баяраа дуусгаад Номын байшингийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтийг тавьсан. Тэд ч уг үйл ажиллагааг маань зөвшөөрч, есдүгээр сарын 21-нээс хойш үргэлжлүүлж болно гэсэн учир бид "хотынхон маань хүүхдийн асуудлыг анхаардаг юм байна" хэмээн талархан хүлээн авсан. Гэтэл тун удалгүй энэхүү зөвшөөрлөөсөө эргэж буцан, хоёр ч удаагийн шийдвэрээ 1-2 хон хоногийн дотор өөрчлөн биднийг хөөж эхэлсэн. Хоёр цагийн дотор багтааж Номын байшингаа гараараа, машин зам руу зөөх шаардлага тавих гэх мэтээр дарамт үзүүлсээр байна.
Шийдэл олох, ярилцах зорилгоор хотын удирдлагуудтай уулзаж хөтөлбөрөө танилцуулах хүсэлтийг удаа дараа тавихад нэг ч удаа хариу өгөөгүй. Энэ мэт дарамт сүрдүүлэг, хүнд сутрлаас болж бид төлөвлөсөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж чалдалгүй хугацаа алдан. Бидний барьсан байгууламж, бусад үйл ажиллагаатай холбоотой түрээсийн зардлууд өссөөр өнөөдөр өндөр дүнтэй хохирол амсаад байна.
Тодруулбал, есдүгээр сарын 26-ны байдлаар гэхэд 30-аад сая төгрөгийн алдагдал, хохирол амссан тухайгаа бид албан бичгээр хүргүүлсэн. Хотын захиргаа анхнаасаа зөвшөөрсөн учраас бид энэ хугацаанд зочид, уншигчид, номын клубууд, багш захирлуудтын бүхий л уулзалт, хандивлагчдын үйл ажиллагааг төлөвлөөд байснаа цуцалчихлаа.
Ингэж тодорхойгүй байдал үргэлжилсээр есдүгээр сарын 29-нд "Чингэлтэй дүүргийн Ялалтын талбайд байршихыг зөвшөөрсөн" гэсэн хариуг бидэнд өгсөн. Үүний дагуу бэлтгэл ажлаа хангаж байтал маргааш нь буюу есдүгээр сарын 30-нд “Өчигдрийн зөвшөөрлөө цуцаллаа” хэмээгээд, “Аравдугаар сарын 1-нд танай Номын байшинг газрын албаныхнаар албадан буулгуулна” гэж мэдэгдэв. Ингээд үндсэндээ өнгөрсөн есдүгээр сарын 21-нээс хойш 10 хоногийн хугацаанд хотын захиргааныхны хоёр ч удаа удаа гаргасан эргэж буцсан шийдвэрээс болж бид сэтгэл санаа, цаг хугацаа, үйл ажиллагаа, эдийн засгийн хохирол амсаад байна.
Энэ хооронд бэлтгэл ажлын зардал болон хуваарьт ажлаас орж ирэх хандивын орлого гээд нийт 70 орчим сая төгрөгийн алдагдалд ороод байна. Лед дэлгэц гэхэд л цагийн түрээсийн үнэ хэдэн төгрөг байдгийг хувийн бизнес эрхлэгчид бүгдээрээ гадарлана. Энэ мөнгөөр 1-2 сургуулийн орчныг тохижуулж болох байсан. Бидний хэрэгжүүлж буй 100 сургуулийн нийтийн талбайд ном унших орчныг бүрдүүлэх тохижолтын ажил маань сургуулийн анги танхимын ачааллыг бууруулах, багшийн нийгмийн асуудлыг шийдэх, олон улсын унших ойлгох чадварын PISA үнэлгээгээр доогуурт үнэлэгдсэн одоогийн боловсролын доголдлыг арилгах, хүүхэд хөгжил төлөвшлийн олон талт хөтөлбөрийг уялдаатайгаар зохион байгуулах, Олон улсын “Нэйшнл Жеографик” нийгэмлэгийн менежментийн технологийг нэвтрүүлсэн, монголчилж 10 гаруй жилийн судалгаа хөгжүүлэлтийг хийсэн ажил юм.
Бид бүхий л хохиролоо барагдуулах гомдлыг хуулийн хүрээнд гаргах болно” гэв.
Зургийн цомог





Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.