"Талбай дээр барьсан байгууламжаа буулгахгүй" хэмээн НЗД-ын орлогч А.Амартүвшинг дарамталжээ

"Талбай дээр барьсан байгууламжаа буулгахгүй" хэмээн НЗД-ын орлогч А.Амартүвшинг дарамталжээ
Гучин найм дахь удаагийн “Үндэсний Номын баяр” арга хэмжээг 2025 оны есдүгээр сарын 19-21 ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулсан билээ.
Тус Номын баярын арга хэмжээнд оролцохоор бүртгүүлсэн аж ахуй нэгжүүд болон хувь хүмүүс, арга хэмжээ зохион байгуулагдсан гурван өдөрт өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй хэсэгтээ номын худалдаагаа хийж, заасан хугацаанд дуусгасан ч “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ заасан хугацаанд барьсан байгууламжаа нүүлгэлгүй өнөөдрийг хүрчээ.
 
Тиймээс НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу талбай чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн аж. Гэсэн ч шаардлагыг биелүүлээгүй тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, газрын тухай хуульд үндэслэн талбай албадан чөлөөлөх Нийслэлийн засаг даргын захирамж гаргасан болно.
 
Энэ асуудлаас үүдэн тус байгууламжийг барьсан газрын эзэн буюу “Динза Цондоолойгийн анд найзууд НҮТББ”-ын захирал А.Дэлгэржаргал нь НЗД-ын орлогч А.Амартүвшин надруу дарамталсан, сүрдүүлсэн, шаардсан агуулгатай мессеж бичих, утсаар залгаж доромжлох үйлдлүүдийг удаа дараа хийсэн байна. Түүний гаргасан үйлдлүүдийг авч үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардах, заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн зэрэг үйлдэл болж буй тул хуулийн байгууллагад хандах болно хэмээн НЗД-ын орлогч А.Амартүвшин цахим хуудастаа мэдээлжээ.
 
Мөн тэрбээр, аливаа нийтийн арга хэмжээнд оролцохдоо заасан цаг хугацаанд журмын дагуу үйл ажиллагаа явуулах нь тухайн байгууллага болон хувь хүний ёс зүйн хэм хэмжээг тодорхойлж байдаг. Гурван сарын өмнө арга хэмжээ зохион байгуулаад тайзаа хураагаагүйн улмаас хүчтэй салхинд нурж 3 хүн эрүүл мэндээрээ хохирсон. Удахгүй хүйтэрч цас орох тул энэхүү 2 давхар байгууламж нурах эрсдэл үүсч хүний эрүүл мэнд, цаашлаад амь насыг хохироовол хэн хариуцлага хүлээх вэ? хэмээн бичжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.