С.Билэгжаргал: Та нарын бүтээл болгон дахин давтагдашгүй өнгө төрхтэй

Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа “Little stars” уран зургийн дугуйлангийн багш С.Билэгжаргал болон түүний авьяаслаг сурагчдыг онцоллоо.
-Таны хувьд ямар арга барилаар хичээлээ ордог вэ?
-Манай дугуйлан хүүхэд бүрийн сонирхол, түвшинд тохируулан ажилладаг. Анхан шатанд зурах үндсэн арга барил (хэлбэр, шугам, өнгө) заадаг. Дараа нь чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх бүтээлч дасгал хийлгэдэг.
Уран зургийн хичээлийн үед зөвхөн онол биш, хүүхэд өөрөө бүтээлээ зурж, түүнээсээ урам авч хөгжих тал дээр илүү чиглэж ажилладаг. Мөн хувцасны загвар зохиодог. Ингэхдээ дээлний зураг зурах хичээл ордог. Ингэснээр хүүхдүүд маань эх орныхоо маш том өв соёлыг тээсэн дээлний талаар илүү их мэдлэгтэй болдог гэсэн үг.
-Дүрслэх урлагийн хичээл нь хүүхдүүдэд ямар арга барилыг суулгадаг вэ?
-Дүрслэх урлагийн хичээл нь хүүхдүүдэд зүгээр л зурах бус, харж ажиглах, сэтгэж төсөөлөх, өнгө хэлбэрийг зөв ашиглах дадлыг суулгадаг. Мөн бүтээлээ өөрийнхөөрөө хийж, бүтээлч сэтгэлгээ, анхаарал төвлөрөл, тэвчээрээ хөгжүүлдэг. Ингэснээр зөвхөн зураг төдийгүй бусад олон зүйлд хэрэг болох ур чадваруудыг эзэмшдгээрээ давуу талтай.
-Хүүхдүүддээ хандаж юу гэж хэлмээр байна?
-Зураг зурахад хамгийн чухал нь гоё зурж чадахдаа биш, өөрийн санаагаа илэрхийлэх нь юм шүү. Та нарын бүтээл болгон дахин давтагдашгүй, өөрийн өнгө төрхтэй. Алдаа гаргах айдасгүйгээр зураад, дуртайгаар бүтээж байгаарай. Багш нь та бүхнээрээ маш их бахархдаг шүү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, П.АМГАЛАН
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.