Академич С.Чулуун Тува улсын шинжлэх ухааны гавьяат цол хүртжээ

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад Тувагийн хүмүүнлэг, нийгэм-эдийн засгийн хүрээлэнгийн 80 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал энэ өдрүүдэд болж байна. Энэхүү олон улсын хуралд Оросын шинжлэх ухааны 30 гаруй байгууллагын удирдлага, төлөөлөгчид оролцож, Тувагийн түүх, археологи, хэл, утга зохиол, нийгэм эдийн засгийн судалгааны талаар 100 гаруй илтгэл хэлэлцүүлж буй.
Энэ үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуунд Шинжлэх Ухааны Гавьяат цол олгох зарлиг гарч, БНТУ-ын дэд тэргүүн А.В.Сазанов Засгийн газрын ордонд гардуулан өгч, уг цолыг Монгол Улсаас хүртэж буй дөрөв дэх эрдэмтэн болж байгааг онцлов.
Шинжлэх Ухааны Гавьяат цол олгох зарлигт, "Хоёр улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, Тувагийн архив дахь Монгол болон Тувагийн түүхэнд холбогдох баримт бичгийг олон ботиор Монгол Улсад хэвлэн нийтэлж, хамтын судалгааг өргөжүүлж, хамтарсан шинжилгээний ангийг Монгол болон Тувагийн нутагт зохион байгуулж, залуу судлаачдыг бэлтгэж, Тувад монгол судлалыг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсныг үнэлж шагнасугай” гэжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.