Гоодалийн Амгалан...

Хэдэн мянган гэр бүлийн амьдралыг, түм буман сэтгэлийг алсын зайнаас өөрчилнө гэдэг бол хувьсгал. Эмэгтэйчүүдийн сэтгэлийг гэж бичих гэснээ заслаа. Сэтгэл эдгэрэлийн минь эхний лекцийг надад эрэгтэй хүн бэлэглэсэн байдаг юм. “Ээжийгээ ойлгох гээд анх авч сонсож байлаа. Тэгээд л явж өгсөн...” гэж тэр залуу хэлж байж билээ.
ГООДАЛЬ хуудсыг дагагч 100.000 хүний ихэнх нь эрэгтэйчүүд байгааг сонсоод огт гайхахгүй байгаадаа харин гайхлаа.
15 жилийн өмнө манай их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн оюутнуудад лекц уншихаар ирэх үед нь “Хувцасны зураач байсан, урлаг судлаач, тухайн үеийн Монголын хамгийн том сэтгүүлийг хийсэн...” гэх мэтийг сонсож байсан. Лекц сургалтынх нь хүчээр ээж аавтайгаа, нөхөр хүүхэдтэйгээ эвлэрсэн, токсик харилцаанаас гарч чадсан гэлцдэг ойрын хүрээллийнхнээ дагаад хүүхдүүд рүүгээ, өөр лүүгээ нүүж эхэлсэн би одоо тэр буман сэтгэлийн өмнөөс энэ хүнтэй ярих гээд сууж байна.
Сайхан нүдтэй юм аа.
* * *
-Миний нэг найзын хүү багадаа “Би ээжийнхээ л төлөө амьдарна” гэж хэлдэг ээждээ маш их хайртай хүү байсан. Нэг их ойрхон уулздаггүй бид саяхан таараад амьдрал ахуй ярилцаж суухад өсвөр насан дээр ирсэн нөгөө сайн хүү нь өдгөө ээжтэйгээ харилцах маш дургүй, бараг л үзэн яддаг болсон гэж гунигтайхан ярихыг сонслоо. Эхийн хайр, эхийн ач бол монгол хүний бараг итгэл үнэмшил. Гэтэл таны лекцүүдэд ээжийн алдаа эндлийн тухай их гарах юм. Зүйрлэшгүй их ачтан маань яагаад гэнэт бүх буруу зүйлийн үндэс болчихов?
-Ээж яаж ч алдсан дээдийн ачтан хэвээрээ гэдгийг юуны түрүүнд хэлье. Ээжийн чамд өгсөн зүйлсийн жагсаалтад цорын ганц үг “Амьдрал” байсан ч энэ бол туйлын ач. Ээж минь, эсвэл ээжийг орлох хэн нэгэн байгаад, чадан ядан, алдан онон байж хайрласны үр дүн нь бидний амьд байгаа маань юм. Гагцхүү хараа нь тогтоогүй хүүхдийн нүдээр, хүүхдийн нам доороос, хүүхдийн явцуу өнцгөөс харахад ээждээ гомдсон, өвдсөн, өсөрхсөн үйл явдлууд яваандаа сэтгэл зүйн том асуудлын эхлэл болдог талаар би ярьж байгаа, нэг талаас. Жишээ нь, миний ижий намайг ёстой хөвөнд боосон бөөр шиг, бүр тэрнээс ч илүү энхрийлсэн юм байна, хөөс шиг эмзэг намайг хамгийн зөөлөн, хамгийн дулаан голт зүрхэндээ нандигнасан юм байна гэдгийг би 40 гарч байж ухаарсан.
Ээж минь намайг арван сар биедээ, гурван жил гар дээрээ, насан туршдаа зүрхэндээ тээсээр байгааг өдрөөс өдөрт улам тод хардаг болж байгаа. Ээж бид хоёрын яриа улам дотно болсоор байгаа. Залууд минь ээж “Амгаа битгий буд аа, хамгийн шилдэг косметик чинь зөвхөн хайр шүү” гэхэд нь би дотроо “Хнн, өөрийнх нь косметик хаа байгаам тэгээд?” гэж гөждөг байсан. Харин одоо ээж миний дотроос “Миний охин ёстой сайхан хэвээрээ байна аа” гэхэд нь би “Хамгийн шилдэг косметик чинь нээрээ хайр юм байна лээ шүү” гээд инээдэг болсон.
Надад нэг бодол байдаг юм. Хүмүүс хэрүүл тэмцэл, хов живийг дахин дахин эргэн санаж, эсвэл дутуу яриагаа дотроо үргэлжлүүлээд, би тэгж хэлэх байсан юм, тэгээд тэрийг тэгвэл нь ингээд хариуг нь өгчих байсан юм гэж, эсвэл болоогүй зүйлийг төсөөлөн айдас, хар, хороо тоглуулсаар байдаг. Үүнийгээ хийрхэл, солиорол гэж огт боддоггүй. Гэтэл өршөөл, ойлголцол, эвлэрлээр сэтгэлд болж буй хөдлөлүүдийг галзуурал мэтээр хардаг. Ийм учраас л хүн бүр өөр өөр ертөнцөд амьдардаг байх.
За ингээд, над шиг хожуу нүд орсон хүүхдүүд бий.
Нөгөө талаас, өөр ээжийн жишээ байна. Дунд сургуульд үздэг байсан “Муму” өгүүллэгийг санаж байна уу. Эзэн авхайнхаа хэрцгий авираас болоод хэлгүй зарц нь тэжээвэр гөлгөө усанд живүүлж байгаа тухай. Энэ хатагтайн дүр бол зохиогч И.Тургеневийн ээж. Тэр эмэгтэй ухаан алдалттай хавсарсан сэтгэцийн эмгэгтэй, сэтгэл зүйн гэмтлийн дараах гүн хямралтай, хүүхдүүдээ харгислан зоддог, сэтгэл зүйн хүчирхийлэл үйлддэг хүн байсан. Энэ өгүүллэг бол болсон явдлыг хүүрнэн өгүүлэх аргаар зохиолчийн өөртөө хийж буй сэтгэл засал. Гол баатар Герасимын усанд үйн алж байгаа тэр гөлөг бол Тургеневийн хувьд эхийн хайрыг горьдсон эцсийн найдвар, ид шидийн хүлээлт, хүүхэд насны сүүлчийн билэг тэмдэг нь болж байгаа юм. Эхлээд түүнийгээ эрхлүүлнэ, тэгээд живүүлнэ, уйлан гашуудна, салах ёс хийнэ. Сэтгэл засалд яг л ингэдэг. Одоо тэр явж болно. Одоо бүх утгаараа хүлээснээс гарсан. Хүүхэд биш болсон.
Мэдээж бодит байдал дээр юмс илүү ээдрээтэй. Хүүхдүүдээ гэрээсээ зугтан явсны дараа Тургеневийн ээж хаалган дээрээ “Тэд эргэж ирнэ” гэж бичүүлсэн. Ийм эрсдэл үргэлж байна. Гэмийн мэдрэмж гэдэг бол сохор хүчтэй соронз. Тургенев хүртэл ээждээ хэдэн сар охиноо харуулж байгаад гэнэт ухаан ороод яаралтай очиж авсан гэдэг. Өөртэйгөө юу болоод өнгөрснийг ямар нэгэн дүрслэлд цутган юүлж, сэтгэлийнхээ драмыг дүрүүдээр тоглуулан гадагшлуулж чадвал мэдээж маш сайн. Тэгвэл тэндээс явж чадна. Гарз, шархтай ч болов чөлөөлөгдөж, алдаатай зовлонтой ч гэлээ өөрийн амьдралаар амьдарч эхэлдэг.
Тургеневийнх шиг ээжүүд бий.
Ээжээсээ гэмтсэн сэтгэлийн драмыг тоглуулах тайз, доторх зангилааг тайлах оньс нь Гоодалийн цахим хөтөлбөрүүд гээд зүйрлэн хэлж болох юм. Эхлээд сэтгэл хөнгөрнө, тэгээд эдгэрэл эхэлнэ. Өршөөл, зөвшөөрөл, эвлэрэл гээд л явна даа.
-Манай нэг дүү “Ам уучилсан ч сэтгэл уучилдаггүй юм билээ” гэж хэлж байсан шиг хүмүүс “мартсан”, “уучилсан”, “өршөөсөн” гэсэн хэдий ч сэтгэлтэйгээ сайн ажиллаагүй бол ёстой нөгөө “ам уучилна” гэдэг болдог байх аа. Цаанаа үзэн ядалт, уур хилэн нь уугисан хэвээрээ...
-“Тэр хүнд үүнээс өөрөөр байх ямар ч сонголт, ямар ч нөөц хүч байгаагүй юм байна” гэдгийг л хүлээн зөвшөөрөхийг өршөөл гэж үзнэ. Уулзахгүй ч байж болно. Ер нь бол онолоор, мэдлэг мэдээллээр уучлахгүй шүү дээ. Сэтгэл хөдлөлийн давхарганд, далд ухамсрын түвшинд л энэ үйл явц болно. Махан биеэр зодуулсны гэмтэл нь сэтгэлд, мэдрэмжийн биед үлддэг учраас тэр. Эсвэл уучлахгүй гэж шийдэж ч болно. Энэ бол бас нэгэн зүйлийн эвлэрэл. Яг хийснийг нь өөрт нь амсуулаад, амыг нь асуумаар адын хүсэл хүн болгонд төрж болно. Гэвч жаахан зогсосхийгээд нөгөө хүнээ, дотроо хийж яваа дайныг нь харвал хөөрхий тэрээр аль эрт шийтгүүлчихсэн, өөрөө өөрийнхөө яллагч, яргачин болчихоод амьдралаа сүйрүүлж байгааг нь харж болно. Тэд өөрт байгаагаа л хуваалцсан байдаг. Бид бүгдээрээ л өөрт байгаагаа хуваалцдаг. Байхгүйгээ өгөхгүй. Бид зөвхөн өөрийнхөө төлөө уучилж байгаа.
Тэр хүн буруугүй учраас биш, надтай ийм зүйл хийх нь зөв учраас биш. Доодын доод давтамжууд болох буруутгал, гомдол, өсөрхөл бол хамгийн аймшигт хор, хамгийн ёрын гяндан учраас л тэр. Яг ийм сэтгэл хөдлөлийн суурьтай хүмүүстэй учирна, ийм уур амьсгал цацарсан хүрээлэлд орно, ерөөсөө ийм давалгаан дээр л гэрээ барина гэдэг чинь бараг дайснаа ч хараамгүй амьдрал болохоор өөрийнхөө төлөө л уучлах гээд байгаа юм.
Сэтгэл хөдлөлийн долгионуудыг би “Бөгтрөгтэй морьхон” хүүхэлдэйн кинон дээр гардаг том усан сан шиг төсөөлдөг. Хайр бол мөнхийн рашаанаар дүүрэн аварга тогоо байхад талархал, өгөх, өрөвдөх, өршөөх сэтгэлүүд гэрлэн банн, ид шидийн сан мэт. Харин үзэн ядах үедээ хүн замын харын цооногт шумбачих шиг. Тэрхэн дороо гарч ирсэн ч наалдсан юмыг арилгах гэж уддаг шиг уурлах үед биед болсон биохимийн урвал, физик ул мөр арилтлаа их уддаг биз дээ. Гаднаа юу ч болоогүй юм шиг суувч сэтгэлдээ бид атаархлын цементэн зуурмагт няцлуулж, хомхой шуналын балчигт тийчилж байдаг. Харин ажил хуучиндаа, гэр хуучиндаа ч, жам ёсоор жаахан жаахан өтөлсөөр яваа ч сэтгэлдээ тансаг онгоцонд цэнгэдэг болсон, өөрөөр хэлбэл сэтгэлийн өндөр дээд төлөвт оршдог болсон, тийм газарт амьдардаг болсон хүмүүсийг та нар мэдэх байх. Ер нь бол чи бидний жинхэнэ гэр бол квантын сэтгэл зүйчдийн “Бид бол давтамж” гээд байгаа сэтгэл санааны байдал маань л юм шүү дээ. Өглөө бүр өмсөх хувцсаа сонгодог шигээ өдөр бүр амьдрах сэтгэлийн төлвөө сонгож байна уу гэж би асуумаар байна.
-Үргэлж өөдрөг байх, өөртэйгөө аз жаргалтай байх боломж яг энэ ахуйн дунд ер нь бий юү?
-Урд өдөр нь хүнд дурласан анхны өглөө ямар байдаг билээ. Зүгээр л тэр хүнийг байгаа гэхээс л сэтгэл багтаж ядан бялхдаг биз дээ. “Тэр байгаа”. Ядуу байх, нүхэнд байх хамаа байдаг сан билүү. Тэгвэл Ариунаа, чи өглөө сэрэхдээ л яг ийм, өнөөдөр юу болох бол гэхээс тэсгэлгүй их догдолсон, “Юу ч болсон бай, Тэр байгаа” гэх агуу их талархалтай байхыг төсөөлөөд үз дээ. Тэр заавал хамт амьдрах хэрэггүй, хайраа чамд илэрхийлж, бэлгээр дарах хэрэггүй. Тэр байгаа цагт чи бүхнийг чадна, бүгдийг барна гэдгээ мэднэ. Тэгвэл тэр гэдгийг би гэдгээр сольчихъё л доо. Гадны хүнд дурлаж болж байгаа юм бол өөртөө дурлаж яагаад болохгүй гэж.
Энэ чинь л нөгөө өөртөө найз байх юм шүү дээ.
“Далайд сэлж байгаа мэт” гэж амьдралыг зүйрлэдэг. Тэр далай харин юунаас бүтдэг вэ гээд харвал жаахан эвгүй. “Боль, зогс, чи чадахгүй, чи мэдэхгүй, муухай, инээдтэй, ичмээр, аймаар...” гэх сэтгэлийн зодуурын давалгаанууд ихэнх нь. Харин эднийг бид өөрсдөө бүтээдэг, өөрөөр хэлбэл энэ үгнүүдийг өөртөө хэлдэг. Өөрийгөө хайрладаггүй.
Хэрэв хайрлахгүй байгаа бол яаж өөртөө найз болох билээ. Унасан үедээ өөртөө гараа өгөхгүй. Бусад хүмүүс унагаавал нийлээд өшигчиж гарна. Өөрийгөө мохооно, шоолно, эсвэл өөртөө итгэдэггүйгээс болоод заль мэх сүвэгчилнэ, зүй бус юм хийнэ. Гэтэл эсрэгээрээ бид хайр гэдэг төлөвт орших юм бол бүдэрсэн өөрийгөө татан босгодог, аргаддаг, авардаг жинхэнэ найз нь байж чадна. Ганцхан халуун үг өвлийн гурван сарыг дулаацуулдаг шиг найзын ёсоор өөртөө хэлсэн урмын үг гурван цагийг гийгүүлдэг.
Нэг сэтгэл зүйч эрийн түүхийг саналаа. Эхнэр нь хуурдаг, өөр хүн рүү явдаг, хамт амьдардаг, тэгээд эргэж ирдэг, энэ бүхнээ ярьдаг. Тэгтэл асуудал эхнэрт биш, эхнэрийн ээжид биш, ээж тэр хоёрын эвгүй харилцаанд биш, харин өөрт нь байж таарсан. Залуугийн ээж, эгч, бүр эмээ нь хүртэл эрчүүдийг дорд үздэг, сольдог байсан. “Би хэзээ ч ийм хүнтэй суухгүй” гэсээр яг л тийм юмыг амсуулах хүнтэй гэрлэсэн. Өөрийн мэдэлгүйгээр эмэгтэйгээ урвах үйлдэлд өдөөн хатгасан. Мэдээж эцэстээ эмэгтэй тэсгэл алдран хуурсан, гэвч үүгээр бүх юм дуусаагүй, нууц амрагийн тойргуудад нөхрөө чирээд гүйж гарсан. Энэ бүхний учрыг олсон цагаас тэр сэтгэл зүйч өөртөө дайсан биш найз болсон. Яаж гэдгийг ярих нь бүтэн лекцийн сэдэв болох тул ингээд орхиё.
-Таныг сонсохоор “Нээрээ тийм юм байна шүү дээ, яагаад бид бүх юмыг буруу хийж байсан юм бэ, яагаад үүнийг хэн ч бидэнд хэлээгүй юм бэ?” гэсэн гуниг урсаад байх юм.
-Төдийгөөс өдий хүртэл бидний төлөө хүчин зүтгэж, амь нас хүч чадлаа өгч байсан ээж, аав маань энэ бүхнийг мэддэггүй ч байсан байж болох юм. Тэдний олонх өөрсдийгөө гаргуунд гаргасан хүмүүс байсан. Харин бид энэ таагүй уламжлалыг тастаж яагаад болохгүй гэж.
Ертөнц үргэлж хөдөлж хөрвөж, урваж шарвана. Тогтворгүй гэдэг чинь ертөнцийн мөн чанар нь юм чинь. Тэгэхээр тэр тэнцвэр тогтворыг гаднаас хайх нь угаасаа утгагүй. Өөрийгөө маш сайн таньдаг, мэддэг байвал сэтгэл хөдлөхийн төдийд, хямрал эхлэхээс өмнө, гудайж тонгойхоос урьтаад анзаарч тогтоож сурна. Юу ч болсон, “Хэрэв хэзээ нэгэн цагт би толгойгоо тонгойлгож байгаа бол зүгээр л туфлиэ харан баясч байгаа л гэсэн үг” гээд харц дээгүүр явдаг болно.
Гэхдээ Ариунаа, энийг бид өөрсдөө мэдээд хүүхдүүддээ хэлсэн ч тэд тоохгүй. Хүүхэд зөвхөн үлгэр жишээгээр л хүмүүждэг. Бидний хийж чадах ганц зүйл бол өөртөө яаж хамгийн сайн найз нь байдгийг үзүүлж өгөх л юм. “Элизабет Арден бол энхийн цагаан тагтаа, Эсте Лаудер бол зэвүүн чөтгөр” гэж эдгээр брэндийн харьцуулалт дээр жишээ баримттай нь сонсож байсан. Гэхдээ жинхэнэ үнэн ба бодит баримт хоёрын хооронд асар их зай бий. Баримт баталгаа үнэнийг халхалж байж ч болдог. “Би хэзээ ч амжилтыг мөрөөдөж байгаагүй. Харин амжилтын төлөө ажилладаг байсан” гэж хэлдэг, хийдэг Эсте Лаудерын өөрийгөө бүтээсэн түүхийг би хүндэлдэг. “Чи зурж чадахгүй гэсэн дотор дууг нам болтол нь би зураад л байсан, зураад л байсан” гэх Ван Гогийг шүтдэг. Энэ хүмүүс бол зүгээр л нэг “азтай гарууд” биш өөрсдийгөө нээсэн, төрүүлсэн жинхэнэ туурвигчид юм. Ээж байна гэдэг бол ерөөсөө энэ л нээлтийг өдөр бүр хүүхдүүддээ үлгэрлэн үзүүлсээр байхын нэр юм шүү дээ. “Өө ядаргаатай юм, зүгээр л хавирвал олоод, олбол гаргаад, хүн нэмбэл хүнс нэмээд болоод ирсийм” гэж бодож байгаа хүн шинэ ертөнцийг үүтгэж, хүүхэд төрүүлэх оюун санааны эрхгүй. Үржих эрх энэ тэр гэж ярих бол адгуусанд л хамаатай байх.
-Эмэгтэй хүн ядаж үүнийг л мэдчихээсэй гэчихмээр ганцхан түлхүүр үг хэлээд өгөөч гэвэл?
-Чи сахиус. Хүүхдийнхээ сахиус гэдэг нь бол мэдээж. Хамгийн гол нь бид өөрсдийнхөө сахиусан тэнгэр, өөртөө сахиус нь юм.
1940-өөд оны үед Жорж Данциг гэдэг математикч Калифорнийн их сургуульд сурч байсан. Нэг удаа статистикийн хичээлд хоцорч орж ирээд суухдаа самбар дээр бичээстэй байсан бодлогыг гэрийн даалгавар байна гэж бодоод хуулж авсан. Хоцорсондоо харамсаад бараагүй, яагаад гэвэл үнэхээр хүнд бодлого байж. Бодолттой холбоотой чухал зүйлийг багш нь нэгэнт заагаад өнгөрсөн хойно яаж ийгээд бодохоос өөр замгүй. Тэгээд чардайсаар байгаад бодсон, багшдаа аваачиж өгсөн. Ийм даалгавар өгснөө санахгүй байсан профессор Ежи Нейман тоомжиргүйхэн хуудсуудыг авсан ч харангуутаа нүд нь орой дээрээ гарсан. Өөрөө бүү хэл дэлхийн шилдэг толгойнууд ч бодож чадахгүй байгаа эдгээр бодлогыг хичээлийн эхэнд самбар дээр бичихдээ шийдгүйн талаар л ярьсан гэдгээ санасан байна. Харин тэр хэсгийг Данциг сонсоогүй. Хэрэв чадна гэдэгтээ итгэж л чадах юм бол бидний хувьд боломжгүй юм гэж байхгүй.
Өө хө, тэгвэл өөрийгөө итгүүлчихвэл өндрөөс унаад үхэхгүй, галд шатахгүйм байна тээ гэж магадгүй л дээ. Ер нь бол тийм. Асуудал физикийн хууль энэ тэрд байгаа биш. Цонхоор унах гэж байсан хүүхдээ татаж авахдаа өөрөө хөл алдсан эмэгтэй нэг гартаа хүүхдээ тэврээд нөгөө гараараа цонхны ирмэгээс бариад аврагчдыг иртэл тэссэн нь ямар ч хуулийг зөрчиж байгаа. Амиа дүйж үзээгүй цагтаа юу хийж чадахыгаа хүн мэдэхгүй. Дараа нь тэр эмэгтэй энэ үйлдлээ хоёр гараараа бариад ч давтаж чадаагүй. Тэгж тэсэх шалтгаан одоо байхгүй болсон юм чинь.
Бидний сахиус гээд байгаа чинь ямар нэг бурхан, дагина, морь унасан баатар биш юм. Энэ бол өөрийгөө ямар ч нөхцөл байдалд, ямар ч дүрд, ямар ч хувилбарт байсан, ямар ч хэрэг тарьсан үг дуугүй хамгаалах, хайрлах, итгэх тэр л хүч юм шүү дээ.
-Та нэг подкастдаа “Эмэгтэй хүний аз жаргалд үнэн голоосоо даган баясаж чадсан тэр цагаас хойш надад аз жаргал ирсэн” гэж хэлсэн нь санаанаас ердөө гардаггүй. Хар багаасаа эхлээд өөрөөсөө илүү гоё сайхан, эрдэм чадалтай охидод дургүй байх, нийлж гадуурхах хандлагад өөрсдийн маань зовлонгийн эх үндэс байдаг шиг?
-Атаархах, бусдын мууд дурлах, тавлах, дайсныхаа зовлонд ханан жаргах, хүний сайн сайханд үл итгэх, бүр уурлах зэрэг чинь бидний нэгэн орц юм даа. Надад ийм юм байхгүй гэх хүнд “Хахаха, та тэгвэл орчлонд юу хийж яваа билээ?” гэж асуумаар байдаг. Хэрэв хүний хорвоод байгаа л бол эдгээрүүд их бага ямар нэг хэмжээгээр заавал байгаа. Нарны доорх ертөнцөд чи хэн нэгнийг заавал сүүдэрлэж л таарна. Чиний асуултанд жишээгээр, ер нь асуултаар хариулчихъя.
Хитоси Имамура гээд Японы генералыг цэргийн шүүхээр ялласан. Цэргүүд нь олзны хүмүүстэй харгис харьцсан хэргээр. Өөрийн гараар хийгээгүй ч гэлээ удирдагч хүн цэргүүдээ хариуцах ёстой учраас оноосон арван жилийн ялыг тэр дуугүй эдлээд зогсохгүй үнэхээр доод хүмүүсийнхээ юу хийж байгааг мэдээгүйнхээ ялыг насан туршдаа эдлэх ёстой гэж үзсэн. Шоронгоос гараад гэрийнхээ цэцэрлэгт шоронгийн камер шиг битүү амбаар бариад тэндээсээ 13 жил гараагүй. Ном бичиж олсон бүтээлийн шагналаа хохирогчдын ар гэрт илгээдэг байсан. Мэдээж хуурамч нөхөд дундаас нь зөндөө завшсан, үүнгүй хорвоо гэж юу байхав, өлөн хүний ходоод ёроолгүй хойно.
Энэ түүхэнд уярсан нэгэн зохиолч эхнэртээ ярьж. Харин эхнэр огтхон ч хөндөгдсөнгүйгээр үл барам “Тэгээд энэ шоунд нь авгай гуай нь яаж хандсан юм бол?” гэж хүйтнээр асуусан гэдэг. Энэ эмэгтэй бусад хүмүүсээс, гаднаас ямар мэдрэмж авдаг гэж бодож байна?
-Их л хөндий хөшүүн, тоомжиргүй хандлагыг мэдэрдэг юм болов уу? Би өөрийгөө маш эерэг хүн гэж боддог байлаа. Бодлоо ажиглах дасгал хийгээд алхаж явангаа автобусны буудлын рекламны самбарыг хараад “Хнн, хоёр тэнэг юм!” гэсэн бодол харваад л орж ирэхэд цочиж байж билээ. “Сул талаа мэдсэнээр бид сэтгэлээр унаж доошоо орно гэж хүмүүс андуурдаг. Үгүй шүү, харин ч эсрэгээрээ жинхэнэ чөлөөлөлт эхэлдэг” гэсэн таны үг ёстой чөлөөлөлт болж байсан,
-Хэрэв бид үнэнийг харж чаддаг сан бол “Тунгалаг Тамир”-ын Долгор шиг “Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу?” гэхгүй. “Би өөрийнхөө зовлонд цадах болоогүй юу, энэ бүхнийг дуусгах цаг болоогүй юу?” л гэж өөрөөсөө асууна.
Анх сэтгэл зүй судалж эхэлж байхад “Сэтгэл зүйн онолууд эхлээд дандаа урлагт гарч ирсэн байдаг” гэхийг сонсоод гайхаж байж билээ.
1979 оны “Сталкер” кинон дээр хоёр хүн хөтчийг даган зона буюу нэгэн бүс рүү явдаг. Тэнд очсон хүний хүсэл биелдэг учраас. Харин хөтөч тэдэнд хачин жигтэй юм хэлнэ. “Энэ бүс амьтай. Тэр хэзээ ч нэгэн хэвэндээ байдаггүй. Энд хэзээ ч, хаа ч, юу ч болж магадгүй. Тэр хорон болохоороо ингээд байгаа юм биш. Бид л сэтгэлийн төлөв байдлаараа энэ бүсийг бүтээгээд байгаа юм. Энд хэний хүсэл биелдэг гээч. Хүсэхээ больсон хүний л хүсэл биелдэг. Хүслээ зуураагүй, зууралдаагүй, юу хүсч байгаагаа мэддэг ч тэрийгээ дотоод дэлбэрэх төхөөрөмж болгочихоогүй хүний л хүсэл биелдэг” гэж одоо ид дэлгэрч байгаа квантын сэтгэл зүйн зарчмыг ярьдаг.
Товчдоо, ертөнцөд хоёрхон л төрлийн хүн бий. Нэг нь итгэмээргүйд итгэдэг. Нөгөө нь боломжгүйг болгодог. Гэхдээ нэг болзол байна аа. Боломжгүйг болгохдоо сэтгэлийн эрчим доор буюу сөрөг байсан бол хүсэл биелсэн ч эргээд тэрийгээ л хүртдэг зүй тогтолтой.
-Танил эмэгтэйн маань нөхөр нь хуураад тэд салж байлаа. Гэтэл тэр бүсгүй удалгүй гэр бүлтэй хүнтэй холбогдсон. Тэр хүний эхнэр нь ирж харилцаагаа таслахыг гуйж байсан гэсэн. “Чадаж байгаа юманд...” гээд ам бардам хүүхдийг нь төрүүлсний дараа нөгөөх нь ахиад өөр эмэгтэй рүү явсан. Түүнтэй нь уулзах гээд очиход хаалга нээсэн жирэмсэн бүсгүй “Таны өөрийн л лай” гэсэн юм гэнэ лээ. Уг нь өөрөө амаараа гартал амссан зовлонг бусдад эдлүүлэхээргүй төлөвийн хүн атлаа ийм сонголт хийсэн нь хүмүүсийн хэлдгээр учрал ерөөл, зураг төөрөг үү?
-Мэдээж өмнө хийсэн үйлдлийнхээ эрчим хүчээр ийм харилцаа руу орж байгаа. Ийм л хяслантай, бусдыг заавал зовоох барилдлагаар учрах тавилан байж болох ч тэрийг дагахгүй байх, амьдрах бүсээ буюу орчлонгоо ямар байлгах сонголт гарцаагүй байгаа.
“Хувь заяа гэж залхуу, тэнэг хүмүүсийн зохиосон үг” гэж хэн хэллээ. Үйл, үйлийн үр л гэж байгаа. Хэрэв яг одоо, яг энд сэтгэлийнхээ хорхой, ад хүслээс татгалзаж чадвал чи өөрийгөө ямар олон тойргоос чөлөөлнө гээч. Хэрэв чадахгүй бол энэ үйлдлээрээ өвтгөсөн хүмүүсийн зовлонг эдлэхээс гадна ийнхүү зовж байгаа дотны хүмүүсийнхээ тамыг дахин дахин хамт эдлэх болно. Хэдхэн жилийн дараа хүүхдүүд нь самуурлын намагт шигдэж тун болзошгүй. Гэхдээ хүн зөвхөн өөрийн хийснийг л амсана. Ээж нь хуурдаг байсан учраас охин нь хуурагдаад байгаа юм биш. Эх үрийн барилдлагад нь ийм нэг хууралтаар гагнагдсан зангилаа байна гэсэн үг. Хэрэв ээж нь өөрт байгаа тэр урвах чанараасаа илүү том байж, тэсч чадвал энэ нь охины төлөвшилд нөлөөлнө, тэр энергийнхээ хүчээр ирээдүйд хуурах байсан хүмүүсээс хол өнгөрч болох юм. Яг, юу нь, яагаад гэдгийг хэлэхийн аргагүй ярвигтай сэдэв.
Гэхдээ нэг зүйл охидод хэлье. “Хэрэв энэ эр эмэгтэй байсан бол” гэж төсөөлөөд үзэхэд чи түүнтэй найзлахааргүй санагдаж байгаа бол тийм залуутай холбогдоод хэрэггүй. Хэн нэгний мөрөөдлийн эмэгтэй болох гэж мачийх ч хэрэггүй. Ганцхан өөрийнхөө л мөрөөдлийн хүн болчих, тэгвэл бусад бүх мөрөөдөл дагаад биелдэг.
-Нөхөртэй болохгүй байгаа эсвэл салсан, бүр эсвэл салаад дахиад суусан ч салаад байгаа нь хувь заяа энэ тэр биш сэтгэл зүйн асуудал уу, эсвэл удмын хэлхээнд учир байна уу?
-Суух, салах, эргэн нийлэх энэ тэр бол хүний сайхан муухайтай хамаагүй. Тэр хүнтэй хамт байхдаа юуг мэдэрч, эдэлж, тэр хүнээс юу авч байгаа тухай л юм. Хэрэв авах юм нь дууссан бол яаж ч байсан сална. Дуусаагүй бол алуулах байсан ч ирнэ. Мэдээж сэтгэл зүйн асуудал байлгүй яахав, бүх юм сэтгэлээс үүдэлтэй юм чинь. Харин яг ямар асуудлаас болж байна вэ гэдгийг урт удаан хугацаанд ухаж байж л олно доо. Удмын асуудал бас байгаа нь гарцаагүй.
Гэхдээ энэ удмаас болж гэм зэмгүй гэгээн ариун би ингэж хохироод байна гэхээсээ би ийм юмыг амсах үйлээрээ амсуулах нөхцөлтэйгөө харилцан соронзлогдоод тэр үйлийн үрээ тоглуулах талбар болсон энэ удмыг өөрөө сонгоод ирсэн байдаг. Уудаг нөхрөөсөө өөрөө сэтгэл зүйн хамааралтай болчихсон эмэгтэйчүүд цөөнгүй. Нөхрийн амсуулж байгаа зовлонгоор хооллодог болчихсон, мансуурагчтай л адил шүү дээ. Өөрийнхөө сумны учрыг олох хэрэгтэй байтал хүний сумыг арчлаад явчихдаг чинь сэтгэл зүйн асуудал байлгүй яахав.
Ерөөсөө хүн хэр жаргалтай байна гэж шийдсэн, яг тэр хэмжээндээ л жаргалтай байна. Бас хүн өөрөө хэдий зэрэг харалган баймаар байна, тийм л хэмжээндээ сохор байна.
Бидний амьдрал бол зөвхөн бидний л сонголтуудын үр дүн.
-ГООДАЛЬ нүүр номын хуудсан дээр хэдэн хоногийн өмнө нийтлэгдсэн “Аав оройтсон орой” постын доор ширүүн яриа өрнөжээ. “Хүүгийн цаашдын амьдрал ээжээс шууд хамаарна” гэж таны бичсэнтэй санал нийлэхгүй байгаа хүмүүс “Яагаад ээж дангаараа хариуцах ёстой гэж? Ааваас хамаарахгүй хэрэг үү?” гэж нэлээн бухимдангуй байсан.
-Тэгэлгүй яах вэ, хүн бүрт өөрийнх нь үнэн байгаа. Надаас өөр бодолтой байх, намайг эсэргүүцэх, үгүйсгэх бүрэх эрхтэй. ГООДАЛЬ хуудас бол миний хувийн орон зай биш, мэргэжлийн үйл ажиллагааны талбар учраас би зөвхөн сэтгэл зүйчийн үзэл санаагаа нийтэлж байгаа. Хүүгийн амьдрал цаашид яаж өрнөх нь ээжээс шууд хамаарна гэдгээ би сэтгэл зүйн үүднээс давтан хэлмээр байна. “Аав энд огт хамаагүй” гээгүйг дахин сануулъя.
Гэрийн гол шийдвэрийг ээж гаргадаг учраас тэр юм аа.
Аавыг уучлах эсэх, салах уу эсвэл үлдэх үү. Хэрэв салахгүй бол хүүгийн нүдэнд аавын нэр төрийг өндөрт өргөсөн хэвээр, гэр бүлийн уур амьсгалыг эрүүл байлгаж чадах уу, эсвэл хүүг нөхрөөсөө өшөө авах хэрэглүүр болгож, энэ явдлаар аавыг насан туршид нь барьцаалах уу гэдгийг ээж шийднэ. Энэ шийдвэрээс хүү ирээдүйд эмэгтэйчүүдтэй хэрхэн харилцах хэв маягийн хэлбэрийг олж авна. Суурь агуулга бол хүүд угаасаа төрөхөд нь л өгөгдчихсөн байгаа. Салах эсэхийг эр нь шийдэж байгаа тохиолдол бас байна аа. Эхнэрээ явсан ч олж ирээд, ёстой “гинжилж” байгаад, хорин жил тамласан гээд Монголын төрийн албан хаагчийн жишээ хүртэл саяхан ил болсон. Гэхдээ бид бие даасан тохиолдлуудыг авч үзээгүй, ерөнхий зүй тогтлыг ярьж байгаа. Тэсэхийн аргагүй нөхрүүдээс салахгүй байгаа эмэгтэйчүүд бас цөөн бус.
Тэгээд, гэр бүлийн харилцаанд аав хариуцлага үүрэлгүй яах вэ. Тэр өрхийн аюулгүй байдал, амьдралын түвшин, оюуны талбар дахь үзэл санааны хэсэг, итгэл үнэмшлийг аав хариуцна. Харин бодлогын асуудлыг дандаа эмэгтэй тал хариуцдаг юм шүү. Энэ бол биологи. Үр тогтох үед хамгийн шилдэг сперматозоид түрүүлж давхиж ирээд өндгөн эс рүү нэвтэрдэг гэж саяхныг хүртэл үзэж байсан. Тэгэхэд ч хүртэл эх нь бодлого тодорхойлогч байсан. Хүүхдийн эцгийг эх сонгодог, эрэгтэй нь дандаа эмэгтэйгээрээ сонгуулдаг. Хүн яаж ч хөгжсөн байгалийнхаа рааманд л жаална.
Түрүүний яриагаа үргэлжлүүлэхэд, үр тогтох үеийн хамгийн сүүлийн үеийн зурган дээр өндгөн эсэн дээр нэг биш, түм буман эр эс зэрэг ирж байгааг харж болно. Эдэн дундаас хамгийн “дөнгүүр”-ийг нь өндгөн эс сонгон шалгаруулаад, түүнийгээ бусдаас түрүүлэн нэвтрэхэд нь бүх талаар, тусгай шингэнээр хүртэл тусалдаг болохыг тогтоосон. Харин энэ үйл явц хэрхэн өрнөөд байгааг, өндгөн эсийн интеллект яаж ажиллаад байгааг хараахан эцэслэн нотлоогүй. Энэ мөчөөс эхлээд эх нь хүүхдийнхээ бүх харилцааны суурийг тодорхойлно.
Жирэмсэн байх үедээ эхийн оршиж байсан сэтгэлийн өнгө төлвөөр хүүхэд дараа нь харилцаагаа будна. Хүүхдээ тээж байхдаа салалт, хууралт амсах, эцэгтэй нь муудах, өөрөө байнга ганцаардал, хардалт, хорсол, сэтгэлийн шаналан, айдсаар амьсгалж байсан бол хүүхэд дараа нь хайр сэтгэлийн болон үр хүүхдийн харилцааг энэ л агаараар бүтээдэг.
Энэ пост бол “Инж...гинж” хөтөлбөрт зориулсан бичвэр байсан учраас ээжтэй холбогдох сэжмүүдийг салган авч үзсэн. Дараа “Очирын бороо” хөтөлбөрийн өмнө яг энэ постоо аавын талаас задлан хийгээд дахин нийтэлье гэж бодлоо.
-Яг сая таны ярьсан зүйлс гардаг “Гэрээ гийгүүлье” цомог бол ёстой дотрыг минь урсан лекцүүд байсан. Томыгоо их өрөвдсөөн. Цаг нь ирэхээр хоёр охиноо заавал тантай учруулна даа гэж боддог.
-Хүүхдэдээ намайг санал болгоно гэдэг бол дээдийн үнэлгээ учраас их баярлалаа. Таны сэтгүүлийг охиндоо үзүүлнэ гээд хадгалдаг гэж хүн хэлэхэд сайхан байдаг. Миний хүүхэд энэ хүн шиг болоосой гэмээр хүн яг үнэндээ дэндүү цөөхөн байдаг шүү, тийм ээ?
Том хүүхдийн синдром хэцүү. Ганцаараа эзэгнэж байсан ээж чинь чамайг түлхээд өөр нэгэнд хамгаа зориулж эхлэхийг хүлээн зөвшөөрөх нөөц хүч хүүхдэд байхгүй. Том хүүхдээрээ юу ч хийлгэхгүй, загнахгүй, зодохгүй, дүүг нь харуулахгүй байх огтхон ч хамаагүй. Түүнд хайр дутаж байгааг л ойлгох хэрэгтэй. Ээжийн 100 хувийн хайр одоо 50 хувь болсон.
Дүү нэмэх тоолон тэр тоо буурна. Ээж машин биш, хүчин чадал нь хүүхдийн тоогоор үржихгүй, байгаагаа л хувааж өгнө. Том хүүхэд үүнийг уучлахгүй. Өс хонзонгоо дүүгээсээ авна. Харин үүнийгээ өөрөө мэдэхгүй.
Айлын багын синдром бас байна. Ах эгчийн өшөө авалт: дээрэлхэл, түрэмгийлэл, доромжлол, магадгүй зодуур, хүчирхийлэл.
Айлын дундын синдром ч байна. Тэгэхээр бид хүүхэд төрүүлэхдээ мал тэжээх гэж байгаа мэт зөвхөн санхүү, байр савны асуудлаа бодох биш, эсвэл нэгэнд нь хань хийнэ гэх харанхуй бодлоор биш шинээр ирэх хүн болон одоо байгаа хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулах чадавх байгаа юу гэдгээ тооцоолох ёстой юм. Хүүхэд чинь дүүтэй болох ямрыг мэдэхгүй. Харин хоёр дахь, гурав дахь дүү дээрээ бол болиод өг л гэнэ. “Чи өөрөө л дүү дүү гэсээр байгаад төрүүлүүлээ биз дээ” гэж ярих нь адгийн наад зах нь мунхаг хэрэг.
Гэхдээ арваад хүүхдийг хүртэл хооронд нь дээдийн эвтэй, бие биеэ гэсэн эрүүл сэтгэлтэй болгон хүмүүжүүлж чадсан жишээ гаргаад ирэх л байх. Гэвч тэр гэр дотор яг юу болсныг, хүүхдүүдийнх нь амьдралд, сэтгэлд одоо хэр юу болсоор байдгийг тэднээс өөр хэн ч мэдэхгүй, бүр ээж аав нь ч мэддэггүй л юм даа.
-Таны “Манипуляторын орон дотор”лекцийг сонсоод би өөрийгөө нэг хүний манипуляцид автдаг юм байна гэдгээ мэдсэн. Лекцээ хэд сонсоод ирэнгүүт нөгөө хүний үйлдэл маш тод уншигдаж байсан нь гайхмаар. Гэхдээ би ч бас өөрөө бусдад сэтгэл зүйн тоглолт хийдэг л юм байна лээ. “Сэтгэл зүйн тоглоом”-нд зориулсан “Цэнхэр шувуу” хөтөлбөрийг хэдэн жил хүлээж суугаа шүү.
-Би ч бас хүлээж байгаа. Цэнхэр шувуу илүү тээлттэй байна аа, хэхэ. Яагаад гээч? Мянган граммын төмөр гулдмай 100 орчим ам.долларын үнэтэй. Харин энэ төмрөөр морины тах хийвэл 250 ам.доллар болно. Хэрэв оёдлын машины зүү хийвэл үнэ нь огцом далан мянга хүрнэ. Бугуйн цагны эд анги хийвэл зургаан сая гарна. Бүр цаашлаад дээд зэргийн нарийвчлалтай лазерын хошуу гэх мэтийг үйлдвэрлэвэл 15 саяас буухгүй. Чи юунаас бүтсэн бэ гэдэг огт хамаагүй байгаа биз? Харин чи өөрөөрөө юуг бүтээж байгаа вэ гэдэг л чухал. Сэтгэл эдгэрэлийн цахим хөтөлбөрүүд чинь сэтгэлээрээ илүү үнэт зүйлийг бүтээх шат шатны хувьсгалуудын гарын авлага л юм.
Аравдугаар сарын 6-нд нээгдэх гэж байгаа “Инж...гинж” алтан багц бол 2026 оны гуравдугаар сард зарлагдах “Цэнхэр шувуу” хөтөлбөрийн бэлтгэл ажлын эхлэл. Тах, зүү, цагны пүрш, лазерын хошуу... гээд л явцгаана даа. Шатны гишгүүр гишгүүрээр, алхам алхмаар өгсч явахдаа надад байхгүй гэж өмнө нь боддог байсан ямар их чадвар, ухаан, сэтгэлийн тэнхээг өөрөөсөө олж нээдэг гээч. Жилийн өмнө болчихлоо гэж байсан “Цэнхэр шувуу”-г эргээд харахаар ахиад л төгөлдөршүүлэх юм гарч ирээд байна аа.
-Сэтгэл зүйчийн ч гэсэн сэтгэл өвддөг гэж та хэлдэг. Та өөрийнхөө сэтгэлийг яаж засдаг вэ? Нэг лекцэндээ нэлээн ээдрээтэй зурхайтай гэж ярьж байсан.
-Одон орны ямар ч супер зурхай тэр тухайн мөчид байдал ямар байгааг л хэлж байгаа болохоос юу ч хийсэн өөрчлөгдөхгүй, хөдөлшгүй зүйл гэж хэлдэггүй. Тэгэхээр ирээдүйгээ ямар байхыг баттай мэдэх ганц найдвартай арга бол өөрийн гараар ирээдүйгээ бүтээх юм гэж би боддог. Жишээ нь, тэр ирээдүйн төлөө кофе уухаа больсон. Өглөөний нарыг ууна, эрт сэрвэл үүрийн гэгээг, бүр шөнө сэрчихвэл гил харыг. Сэтгэлийн дээд засал юу гээч? “Бусдын төлөө байх” гэхээр сүржин дүвчин юманд дуртай бидэнд улиг болсон сонсогдож байгаа байх. Гэвч үүнээс илүү засал гэж байдаггүй. Тэгэхээр эх хүнд бол их ойр байгаа биз дээ.
Чи бол “Би охидынхоо сэтгэлийн тэнгэрт солонго болъё” гээд байхад л гутрах завгүй амьдарна. Харин жижиг сажиг хямрал бол амьд байгаа цагт зайлшгүй бөгөөд бас хөгжлийн уран хөшүүргүүд учраас засаад байх ч хэрэггүй.
Миний багын нэг дурсамж байдаг. Тав орчим настай байсан болов уу, цэцэрлэгт байхдаа өдөр гадаа гарч тоглох болоход “Багш аа, би үлдээд ангиа цэвэрлэе” гээд өргөж байсан гар минь. Болцгорхон, борхон, бүх хуруугаа тэв тэгшхэн болгоод хамаг өндрөөрөө өргөж байсан тэр гар хэцүү үед сапхийгээд өмнө минь гараад ирдэг. Тэр сэтгэл, тэр сэдэл, тэр гарыг л алдахгүй юм шүү гэж би хичээдэг. Хэн юу гэх хамаагүй, тэр охин л намайг хараад бахархаасай гэж үнэхээр их хүсдэг.
Сэтгэл зүйгээр суралцаж эхэлж байх үедээ дотор хүүхдийн дасгал дээр шууд над руу эргэж хараад тэврээд авсан тэр охинд би хязгааргүй хайртай. Одоо тэр охин миний сэтгэлийг засдаг. Бяцхан мөртөө агуу түүндээ би ахин дахин дурласаар байдаг, ерөөсөө л хайрлаад хайрлаад ханадаггүй. Миний зүрхэнд хайр амьдардаг гэж бодохоос л хүний хайлан гэдэг утганд хүрэн алдах шиг болдог юм. Бурхан үгүй газар үгүй гэдэг. Бид бүгдээрээ тэгэхээр бурханы зүрхэнд амьдардаг байж таараа.
Хэн юу гэж бодох нь цэвэр хувийн хэрэг.
Би л лав Бурханы зүрхэнд амьдардаг аа.
* * *
“Хэнээс ч ямар ч сайшаал хүлээдэггүй эмэгтэй бол ертөнц дээрх хамгийн аюултай хүн” гэсэн хүний үгээр өөрийн сэтгэгдлээ илэрхийлмээр. Тэднийхээс гараад явж байхад “Би хаана амьдардаг юм бол?” гэх бодол аманд орсон дуу шиг намайг ээрсээр байсан. Юу ч хийгээгүй юм шиг мөртлөө тун чиг эрхэм зүйлийг үл анзаарагдам онцгой учралаараа өгчихсөн байх нь сэтгэл засал юм болов уу гэж бодон бодсоор нойронд умбаж билээ.
Тэр шөнө би Амгаланг зүүдэлсэн.
https://goodali.mn/courses/1https://goodali.mn/courses/1
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн Сэтгүүл зүйн багш Л.АРИУН
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.