Ерөнхий сайдын томилгоо Үндсэн хууль зөрчсөн үү!

Ерөнхий сайд Г.Занданшатар: Би Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томиллоо. Нүүрсний хулгайтай тэмцлээ илүү эрх хүчтэй, эрс шийдэмгий хийхийн тулд ийм шийдвэр гаргалаа" хэмээн өнөөдөр мэдэгдсэн билээ.
Тэгвэл Ерөнхий сайдын гэнэт гаргасан энэхүү шийдвэр Үндсэн хууль болоод Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн байж болзошгүй байна.
Тодруулбал, тус хуулийн 23 дугаар зүйл. Ерөнхий сайдын бүрэн эрхэд зааснаар:
1. Ерөнхий сайд Үндсэн хуулийн дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцаж, дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон тэдгээрт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацаанд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй тохиолдолд Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ;
2/ Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулахдаа захирамж гаргана гэж заасан байна.
Ерөнхий сайдын өнөөдрийн мэдэгдэл дээрх хуульд заасны дагуу албажаагүй тул зөвхөн МЭДЭГДЭЛ хэвээр үлдэх бөгөөд процессын дагуу эхлээд одоогийн сайд Л.Мөнхбаатарыг огцруулж, шинэ сайдыг УИХ-д танилцуулах хуультай ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.