Багш Л.Баасанцогт: Математикт суралцахад хэзээ ч оройтно гэж байдаггүй

Багш Л.Баасанцогт: Математикт суралцахад хэзээ ч оройтно гэж байдаггүй

"Би анх оюутан байхдаа хоол цайны мөнгөө олох гээд хүүхдүүдэд гэрээр математик заадаг байлаа. Тэгээд МУИС-ийг онолын математикаар төгсөөд албан ёсоор багшилж эхэлсэн. Одоогоор багшлаад 27, сургалтын төвөө байгуулаад 20 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

Хичээл орж байхад хөгжилтэй зүйлс их тохиолдоно оо. Бага ангийн хүүхдүүд “Багш аа” гэж дуудах гэж байгаад “Аав аа” гээд дуудчихдаг. Нэг удаа ч биш, нэлээд хэдэн удаа тохиолдсон явдал шүү. Бас хүүхдүүдтэй ажиллахаар би өөрөө хүүхэд болчихдог юм. Тэр нь үнэхээр сайхан. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол гээд дуу байдаг даа? Миний хувьд тэр галт тэрэгний хөдөлгүүр бол манай сурагчид.

Ерөнхийдөө математикт сайн суралцсанаар хүн хамгийн оновчтой, хамгийн зөв шийдвэр гаргах чадварыг олж авдаг. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл, нэгдүгээрт, математик хүний логик сэтгэлгээг хамгийн өндөр түвшинд хөгжүүлдэг. Логик сэтгэлгээг сайн хөгжүүлж чадвал ямар ч асуудлыг задлан шинжилж, учир шалтгааны холбоог олж, зөв дүгнэлт гаргадаг. Хоёрдугаарт, математик хүнд эмх цэгцтэй байхыг сургадаг. Тоо бодоход үргэлж дараалал байдаг шүү дээ. Зарим хүмүүс синус, косинус сураад амьдрал дээр яг хэрэг болж байна уу гэж их ярих болж. Гэхдээ тэдгээрийг сайн бодож байвал логик сэтгэлгээ тэр хэмжээнд сайн хөгжиж, төдий чинээ амьдрал дээр зөв сонголт, оновчтой шийдвэр гаргана. Ердөө л энэ.

Зарим эцэг эхчүүд болон сурагчид одоо оройтчихсон болов уу гэж бас их асууна. 

Гэхдээ хэзээ ч оройтно гэж байдаггүй. Өдөр бүр доод тал нь 30 минут хичээллээд сууриа сайн тавиад авбал тэр хүүхэд алзахгүй ээ. Гол нь тогтмол хичээллэх л чухал. Харин хүүхдийг математикт дурлуулахын тулд мэдээж сайн багш хэрэгтэй. Миний хувьд хүүхдэд хайртай, хүүхдийг урамшуулж чаддаг багшийг хамгийн сайн багш гэж хэлнэ. Хүүхэд бодлогоо буруу бодсон байсан ч бодолт дунд нь ганц зөв үйлдэл байх юм бол түүнийг нь тодотгож магтаж, урамшуул. “Маш сайн байна!” гэсэн гуравхан үгийг хэлэхэд л тэр хүүхдийн нүүрэнд инээмсэглэл тодроод, нүд нь гэрэлтээд явчихдаг. Тэднийг хэзээ ч загнаж сургана гэж байдаггүй юм шүү. “Иймхэн юм ойлгохгүй байхдаа яадаг юм!” гээд хэлчихвэл хүүхэд дахиж алдаа гаргахаасаа, дахиж асуухаасаа айдаг болчихдог. Тиймээс аль болох урам өгч, “Аан, би чаддаг юм байна, чадах юм байна!” гэж бодох сэдлийг өгч байж хүүхэд тэр зүйлдээ дурлана.

Эцэст нь, гараг эрхсийн хөдөлгөөнөөс авахуулаад хүний биеийн эсийн бүтэц хүртэл орчлон ертөнцийн бүх зүйлс математик загвар дээр тулгуурладаг учраас математикт сайн суралцаарай, хүүхдүүд ээ!"

ШИДЭТ КВАДРАТ математик сургалтын төвийн захирал, багш Л.Баасанцогт 

Шинэ хичээлийн жилийн элсэлт, бүртгэл явагдаж байна. Элсэлт, бүртгэлийн талаарх мэдээллийг дараах линкээр авна уу.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.