Халзан бүрэгтэйн сонсголд орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулна

Халзан бүрэгтэйн сонсголд орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулна
Монгол Улсын Их Хурлаас “Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулахаар товлон зарласан. Сонсголын бэлтгэл ажлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, уг сонсгол даргалагч Б.Баярмагнай, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Тамгын газрын ажилтнууд, холбогдох яамны төлөөлөл, мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүн энэ сарын 07-08-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж, ажиллалаа. 
Томилолтын баг Халзан бүрэгтэйн орд газрын асуудлаар аймаг, орон нутгийн удирдлагаас хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн үйл ажиллагаатай биечлэн танилцав.

Мөн Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших “Халзан бүрэгтэйн” ордын ашиглалтын талбайн орчин, нөхцөлтэй очиж танилцаж, нутгийн иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан, санал, хүсэлтийг нь сонслоо. Иргэдийн төлөөлөл уг сонсголд Мянгад сумын иргэд, аймгийн иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудаас төлөөлөл болгож 50 иргэнийг оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 
 

“Халзан бүрэгтэй” орд газарт 2022 оны 10 дугаар сард геологи, хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч хайгуулын ажлын бэлтгэл хангах хугацаанд нутгийн иргэдийн эсэргүүцэл хурцадмал нөхцөл байдалд хүрсэн тул Ховд аймгийн Засаг даргын захирамжаар 2024 оны 11 дүгээр сард үйл ажиллагааг зогсоожээ.
 

Ийнхүү тус ордыг ашиглах асуудлаарх иргэд, олон нийтийн эсэргүүцэж буй асуудлыг нээлттэй, ил тод болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, хууль хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд, тэдгээрийн удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, үнэлэх, санал, дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд хүргүүлэх зорилгоор Ерөнхий сонсгол зохион байгуулахаар бэлтгэл ажлын хангаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.