Өвсний үндэс энэ удаад Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийн барилгыг засварлана

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар Япон Улсын Засгийн газрын 2025 оны “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”*-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийн барилгыг засварлах төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав.
Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийн барилгыг засварлах бөгөөд гадна фасадыг засаж, цонх болон хаалгуудыг солино. Уг ажил хийгдсэнээр цэцэрлэгийн хүүхэд багачууд, багш ажилтнуудад эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл бүрдэх юм.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 617 дахь, тус дүүрэгт хэрэгжих 19 дэх төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 126,836 ам.доллар болно.

“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд нь голлох үүргийг гүйцэтгэдэг.

Япон Улсын Элчин сайдын яам
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.