МАН-ын даргын тохироо Бээжинд хийгдэж байгаа юу?

МАН-ын даргын тохироо Бээжинд хийгдэж байгаа юу?

Ердөө 7-8 жилийн өмнө эрх баригч МАН-д "дотоод зодоон" хүчээ авч, 50,60-аад оны ах нараас намын удирдлагын эрхийг 70,80-аад оны дүү нар нь булаан авсан.

2017 оны эхээр "Шударга ёсны төлөөх таван гар" тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдын өрөөг өшиглөн орж, албан тушаалаа өгч "тэтгэвэртээ гарах"-ыг хатуу шаардсаны эцэст М.Энхболд, Сү.Батболд тэргүүтэй фракцууд ялагдан, залуу үеийн дүү нар нь хүч түрэн гарч ирсэн. Энэхүү улс төрийн үе шилжилт хийгдсэнээр үндсэндээ М.Энхболд, Сү.Батболд нар нам жимхэн аж төрж буй.

Намын удирдлагыг ах нараасаа булаан авсан ч эцэст нь өөр хоорондын "зодоон" болж эхэлж буй Монголын улс төрийг тэд чимээгүйхэн ажиглаж суусаар байгаа. 

Гэтэл өнөөдөр нэгэн зураг ил болсон нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-ын Тьянжин хотноо болсон ШХАБ-ын ээлжит хуралд оролцохоор явахдаа ах нараа айлчлалын багт дагуулан явсан нь анхаарал татав. 

Долоон жилийн өмнөх үе шилжилтийн "зодоон-"ыг үндсэндээ ард нь найруулж, "Таван гар"-ыг урдаа гарган ялалт байгуулсан У.Хүрэлсүх өнөөдөр юуны учир ах нартайгаа ийн дотносов?

Энэ есдүгээр сард болох товтой ч намын дотоод тохироо хийгдэж чадахгүй байгаа МАН-ын ээлжит их хурлыг ирэх 11 дүгээр сар хүртэл хойшлуулаад буй. Угтаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорч, Г.Занданшатар гүйцэтгэх засаглалын тэргүүн болсон нь намын даргаа авах шууд болзлыг хангасан тохироо.

Гэвч 80-аад оны дүү нар нь 70-аад оны ах нартаа намын аппаратыг өгөхгүй, тэр тусмаа 80-аад оны өнгө төрх болоод буй УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын дарга болговол үг дуугай "бууж өгнө" гэх сөргөлдөөн үүсээд буй талаар хэвлэлүүд мэдээлсээр байгаа нь ч үнэн.

Саяхан хүртэл хөнжилд хамт хонохдоо тулж байсан Л.Оюун-Эрдэнийн улс төрийн эсрэг М.Энхболд, Сү.Батболд нарын фракцтай хамтран "тулах"-аар Төрийн тэргүүн маань ийнхүү хилийн чанадад уулзалдав бололтой.

Тэд дотоодын улс төрийг хэрхэн намжаахаа Бээжинд тохироод ирвэл МАН-д үндэслүүлсэн "хөл"-өө алдаагүй байгаа хоёр ах нь эргээд улс төрд ороход гайхалтгүй болжээ. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2 цаг өмнө
Хүрэлсүх ёстой шогтож байна даа