Ардчилсан намд "ҮЕ ШИЛЖИЛТ" үгүйлэгдэж байна

Ардчилсан намд "ҮЕ ШИЛЖИЛТ" үгүйлэгдэж байна
Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 20-ны өдөр болж, тус намын дарга Лу.Гантөмөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороог энэ сарын 28-ны өдөр хуралдуулахаар зарлалаа. Уг хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрэм болон хөтөлбөр, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр болжээ. 
 
Тодруулбал, энэ сарын 28-нд Ардчилсан намын шинэ дарга тодрох бололтой. Өмнөх намын даргын сунгаанаас ялгарч буй өнцөг нь нэр дэвшихээ илэрхийлж буй хүмүүсийн 80 хувь нь дан залуучууд байгаа нь анхаарал татаж байна. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл, Ж.Баярмаа нар нэр дэвшихээ илэрхийлсэн бол 1960-аад оны буюу намын хуучин гишүүдийн төлөөлөл болж О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нар өрсөлдөх бололтой. 
 
МАН-ын АН-аас ялгарах өнцөг нь шинэ үеийн залгамж халааг сэлгэхдээ "сурамгай". Одоогоос зургаан жилийн өмнө МАН-д "ҮЕ ШИЛЖИЛТ" хийгдэж, 70,80-аад оны залуус намын удирдах түвшинд хүчтэй төрөн орж ирсэн. Тэр ч байтугай 80-аад оны төлөөлөл намын дарга болж гүйцэтгэх засаглал, парламентын түвшинд удирдлага хийж байна. Тус намын залуучуудын байгууллага ч хэзээнээс хүчтэй байсаар ирсэн. Залуус хүчтэй байхын дөгөөг намын ах нар нь өгдөг тулдаа хуучин цагийн МАСЗХ, энэ цагийн НАМЗХ ирэх цагийн улс төрчдийн залгамж халааг бэлдэж буй гэхэд хилсдэхгүй.
 
Гэтэл Монголын улс төрийн ганц сөрөг хүчин гэгдэх Ардчилсан намд ийм залгамж халаа гэж бараг байхгүй нь гунигтай. Тус намын дэргэдэх "Монголын ардчилсан залуучуудын холбоо" гэх байгууллага байгаа байхгүй нь мэдэгдэхгүй шахам. Ах нар дэмждэггүйгээс энэ байгууллагад харъяалагдаад ч нэмэргүй гэх хандлага бий.
 
Товчхондоо Ардчилсан намын хуучин бурхинууд "нүхээ таглаж" 35 жил хэвтсэний үр дагавар өнөөдөр ийнхүү гарч байгаа гэхэд болно.
 
Шинэ залуу үеээ дэмждэггүй, халаагаа өгөхийг хүсдэггүй, намын удирдлагын сунгааг шат шатандаа мөнгөөр худалдан авдаг хуучны арга барилаараа өнөөдөр ч үзэлцэж байгааг О.Цогтгэрэлийн улс төрөөс харж болно.
 
Шинэ залуу үед мөнгө байгүй тул хүчгүй. Гэхдээ тэдэнд зориг зүрх, хүсэл тэмүүлэл, жинхэнэ ардчилсан үзэл бийг саяхан болж өнгөрсөн Үндэсний бодлогын хорооны нууц санал хураалт харуулжээ. Намын даргад хуучны арга барилаар өрсөлдөж буй УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг намын дарга болох нь тодорхой, өрсөлдөж буй залуус рейтингээ л өсгөх өрсөлдөөнд орж буй биз гэх хандлага давамгайлж байсан ч нууц санал хураалтаар залуу үеийн төлөөлөл болсон Ч.Лодойсамбуу санаанд оромгүй өндөр санал авсан аж. Дотоод дэмжлэг хүчтэй байгааг харсан Ч.Лодойсамбуу энэ удаад зүгээр суухгүй нь тодорхой.
 
Мөн өнгөрөгч УИХ-ын сонгуулиар чадлаараа гишүүн болж орж ирсэн Л.Мөнхбаясгалан, О.Алтангэрэл нар ч боломжийн дэмжлэг авсан тул намын даргын сунгаанд оролцож гэдгээ мэдэгдээд буй. Гэхдээ дээрх залуус ардаа тус бүр фракцуудын дэмжлэгтэйгээр орж ирэх тул хэний фракц хүчтэй байхаас ялалт хамаарна гэсэн үг. 
 
Гэхдээ л Ардчилсан нам өөрөө өөрчлөлтөд дуртай, хөрстэй нам. Гол нь "ҮЕ ШИЛЖИЛТ" хийж, өөрийн гэсэн харизмтай, шинэ залуу үеэс шинэ удирдлага төрүүлэхгүй бол ирээдүйн 30 жилээ үзэж чадахгүй унтрах аюул харагдаж буй нь үнэн билээ. 
 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн 2 цаг өмнө
Энэ нам жаахан ч гэсэн бусдыг гэсэн сэтгэлтэй,хөрөнгө мөнгөний их шуналгүй хүнээр удирдуулах хэрэгтэй дээ.идэж уухын дон шүглэсэн бусдын хийж байгааг гацааж шүүмжлэхээс өөрийг мэдэхгүй, эрх мэдлийн төлөө хоорондоо зодолдсон ичгүүргүй хүмүүсийн бөөгнөрөл.лодой нь ч гэсэн хүн гүтгэж худлаа ярихаас цаашгүй.