Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нар Япон Улсын Засгийн газрын 2025 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”*-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Дорноговь аймгийн Иххэт сумын Ерөнхий боловсролын сургуулийн барилгыг засварлах төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав.
Уг төслийн хүрээнд Дорноговь аймгийн Иххэт сумын Ерөнхий боловсролын сургуулийн барилгыг засварлах бөгөөд гадна фасадыг засаж хаалга, цонхнуудыг солих юм. Засвар хийгдсэнээр тус сургуулийн байр сурагч багачууд, багш ажиллагсад аюулгүй таатай орчинд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх боломж бүрдэх юм.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 616 дахь, тус аймагт хэрэгжих 18 дахь төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 154,971 ам.доллар болно.
“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос эхлэн хөгжиж буй орнуудын хот, орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн бөгөөд тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог байна. Энэхүү дэмжлэгийг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд нь голлох үүргийг гүйцэтгэдэг.
Эх сурвалж: Япон Улсын Элчин сайдын яам
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.