Трамп, Путин нарын эхний уулзалт тодорхой үр дүнгүй өндөрлөсөн ч ойрын хугацаанд эргэн уулзана

Трамп, Путин нарын эхний уулзалт тодорхой үр дүнгүй өндөрлөсөн ч ойрын хугацаанд эргэн уулзана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар өнгөрөгч шөнийн 03:00 /Улаанбаатарын цагаар/ баасан гаригт /2025.08.15/ Аляска мужийн Эльмендорф-Ричардсон цэргийн баазад уулзлаа.

Тэд улаан хивсэн дээгүүр алхаж хоёр талаас уулзахдаа маш элэгсэг дотноор гар барьсан. Үүний дараа Трампын лимузин машинаар хэлэлцээ хийх газар луу явсан байна. Орост үйлдвэрлэсэн "Aurus" маркийн лимузин агаарын баазын хөөрөх зурваст байсан ч гэлээ Путин АНУ-ын ерөнхийлөгчийн машиныг сонгосон нь Путин "АНУ-ын ерөнхийлөгч танд итгэж байна. Та надад таалагддаг, таны машин ч бас" гэсэн санааг илэрхийлсэн гэж шинжээчид дүгнэв.

Анх хоёр ерөнхийлөгч ганцаарчлан уулзахаар төлөвлөж байсан ч уулзалт зургаан хүнтэй эхэлсэн. 

Тэдний уулзалт гурван цаг орчим үргэлжилсэн боловч Украины дайныг зогсоох дорвитой шийдэлд хүрч чадсангүй дууссан талаар олон улсын хэвлэлээр мэдээлж эхэллээ.

Уулзалтын үр дүнгийн талаар хоёр ерөнхийлөгч хамтарсан хэвлэлийн бага хурал хийж мэдээлсэн ч сэтгүүлчдийн асуултад хариулаагүй, тийм проткол ч тусгуулсангүй.

Трамп: Бидний санал нэгдсэн маш олон зүйл байлаа. Хараахан шийдэлд хүрээгүй хэд хэдэн том зүйл бий. Гэхдээ тодорхой хэмжээнд ахиц гаргалаа. Яриа хэлэлцээний түвшинд хүртэл ямар ч эцэслэн баталсан зүйл байхгүй. Би ерөнхийлөгч Путинтэй үргэлж л гайхалтай харилцаатай байсаар ирсэн.

Путин: АНУ-Оросын хэлэлцээрийн үр дүнг Украин болон Европын холбоотнууд нь хүлээн зөвшөөрнө гэдэгт найдаж байна. Мөн шийдэлд чиглэсэн алхмыг нураахгүй байх гэж найдаж байна.

Үүний дараа Трамп "Удахгүй дахин ярилцъя. Магадгүй тун ойрын хугацаанд" гэж хэлсэн бол Путин "Дараагийн удаад Москвад" гэв. Хариуд нь Трамп "Сонирхолтой юм. Жинхэнэ хэл амны бай болох байх даа" гэжээ

Трамп, Путин нар 2019 оноос хойш анх удаагаа ийнхүү уулзаж, уг уулзалтыг маш халуун дулаан, хүндэтгэлтэй уур амьсгалтай болсон гэж шинжээчид дүгнэлээ

Энэ удаагийн уулзалтаар Трамп Украиныг золионд гаргах замаар мөргөлдөөнийг царцаах магадлалтай, магадгүй Украины нутаг дэвсгэрийн тавны нэгийг хянах эрхийг Орост олгож магадгүй гэж Зеленский болон Европын бусад холбоотон санаа зовж байсан. Гэхдээ Трамп "Би Украины төлөө хэлэлцээ хийх гэж ирээгүй. Харин тэднийг хэлэлцээрийн ширээнд суулгахаар явж байна. Би нэн яаралтай л гал зогсоохыг хүсч байна. Өнөөдөр тэгж чадахгүй бол гунигтай л юм" гэжээ.

Путиныг Аляскаас хөдөлсний дараа Трамп уулзалт болсон өрөөндөө эргэн ирээд "Fox news"-ийн сэтгүүлчид нэг цаг орчим хугацаатай ярилцлага өгчээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.