УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус тогтоолын төсөл хэрэгжсэнээр нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Шинэ тойрог зам төслийн бүтээн байгуулалтад зарцуулах 260.3 сая ам.долларын зээлийн 85 хувьд нь Засгийн газар баталгаа гаргах юм.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Тогтоолын төслийг дэмжиж байна. Сүүлийн арван жилийн хугацаанд автомашины тоо 80 хувиар өссөн бол автозамын бүтээн байгуулалт явагдаж байгаа ч түгжирсээр байна. Автозамын дундаж хурд 7-10 км цагт байна. Үүнийг бууруулахгүй, хөдөлгөөний эрчмийг бууруулахгүй байх вэ гэдэг чухал байна. Түгжрэлээс үүдсэн алдагдсан боломжийн өртгийг судалж үзсэн үү? Авто замыг хэдий хугацаанд барина гэж төлөвлөж байна вэ?
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:
-Урьдчилсан байдлаар дөрвөөс зургаан эгнээ бүхий 50 гаруй км урт үргэлжлэх Шинэ тойрог авто замыг нэг болон хоёрдугаар тойрог замтай барина. Нэгдүгээр тойрог зам 20 гаруй км урт үргэлжлэх бол хоёрдугаар тойрог зам 24.4 км урт байх урьдчилсан тооцоо байгаа.
Улаанбаатар хотод өдөрт 580 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа. Эдгээр автомашины 30 орчим хувь нь Шинэ тойрог хурдны замаар дайран өнгөрнө гэж тооцож төслийн өртгийг 10 жилийн дотор төлнө гэж үзэж байгаа. Өдөрт 180 мянга орчим автомашин Шинэ тойрог зам болон Туулын хурдны замаар зорчино гэж тооцож байгаа. Энэ зам дээр өдөрт хэдэн ч удаа гарч зорчсон 5000 төгрөгийн хураамж авна. Ийм тооцооллоор 10 жилийн дотор өртгөө нөхнө гэж үзэж байгаа юм. Нэг иргэн жилд нэг сарын хугацааг түгжрэлд зарцуулж байна гэв.
Байнгын хорооны саналаар Засгийн газрын өрийн баталгаа гаргахад зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх талаар санал хураалт явуулж, УИХ-ын гишүүдийн олонх буюу 63 гишүүн дэмжлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.