2018 онд Засгийн газрын “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” хуралдааны шийдвэрийг үндэслэн “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулж байлаа. Ингээд 2019 оны өвлөөс түүхий нүүрс түлэхийг хориглосон байдаг.
Сайжруулсан хэмээгдэх муужруулсан шахмал түлшийг бид зургаан өвөл түллээ. 2020-2021 оны сонгуулийн жилүүдэд утаа буурсан мэт хуурмаг байдал илэрсэн нь удахгүй тодорхой болж, угаарын хийн цочмог хордлого даруй хэдэн зуу дахин ихсэж, өнгөрсөн хугацаанд 800 орчим эрдэнэт хүний амь насыг авч одоод байна. Монголчууд нүүрс түлдэг байхдаа ч ингэж хэдэн зуугаараа нас барж байгаагүй.
Зургаан өвөл түлсэн шахмал түлш тараа 100 хувь таниулчихлаа. Мидлинг гэдэг зүйлийг нь солихгүйгээр үргэлжлүүлэн түлж болохгүй юм байна. Түлээд байх аваас утаа ч буурахгүй юм байна, эгэл жирийн иргэдийн амь нас ч хохирсоор байх юм байна гэдэг нь нэн тодорхой байна.
Иймээс одоогоос гурван жилийн өмнөөс хагас коксжсон нүүрсний талаар ярьж эхэлсэн байдаг. Иймдээ яриад гаслаад суух биш, "Энэ өвлөөс хэрэглээнд нэвтрүүлье" гэж хүчтэй ярьж байна.
Одоогоос гурван жилийн өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг энэ талаар ярьж эхлэхэд олон нийт улдан эсэргүүцсэн. 177 тэрбум төгрөгийг салхинд хийсгэх гэж байна, утаа буурах баталгаа байхгүй хэмээн эсэргүүцэж байсан.
Өвөл хаяанд ирчихлээ. Шахмал түлшийг долоо дахь жилдээ түлэх үү, эсвэл, солиод туршаад үзэх үү?
"Солиод үзье. Энэ жил шахмал түлш түлэхгүйгээр хагас коксжсон нүүрсийг эхний ээлжинд шууд худалдан авч түлье" хэмээн Хотын дарга Х.Нямбаатар сүүлийн үед хүчтэй ярьж байна. Үүнээс өөр гарцгүй юм шиг ээ. Хотын даргын үгэнд "эхний ээлжинд" гэдэг үг орсныг анзаараарай. Дараа жилээс ч юм уу дотооддоо үйлдвэрлээд хэрэглэе гэсэн санаа нуугдаж байна. Уг нь ч Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад Хагас коксжсон нүүрсний төсөл эхлүүлсэн нь ч яагаад ч юм сураггүй болсон байдаг.
Монголчууд бид алийн болгон бүхий л бүтээлч байдлыг улдан эсэргүүцэх вэ! Эсэргүүцсээр байтал улны амьдралтай хэвээр байсаар байна шүү дээ. Эргээд харахад, V цахилгаан станц ч үгүй, Оюутолгойгоос өөр томоохон төсөл хөтөлбөр ч үгүй, бахь байдгаараа утаатай, түгжрэлтэй байсаар байна шүү.
Эрдэмтдээс бүрдсэн Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хагас коксжсон нүүрс түлье хэмээн шийдвэрлэсэн юм билээ. Энэ өвөлдөө түлээд үзэцгээе. Хавраас чанарынх нь талаар бүгдээрээ хэлэлцье.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.