? Р.Сэддорж: Ахмадын тэтгэвэрийн зээл олгох шалгуурыг сайжруулахгүй юм гэхэд хуучнаар нь байлгаач

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Уг төслийг Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар өргөн мэдүүлсэн юм.

Ахмад настнууд тэтгэврээ 100 хувь барьцаалж банкнаас зээл авдаг нь эргээд санхүүгийн дарамтад орж байна гэх үндэслэлээр тэтгэвэр барьцаалсан зээлд тавих өр, орлогын харьцааг Монголбанкнаас өөрчилсөн. Энэхүү шийдвэр өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжсэн нь бага тэтгэвэр авдаг ахмадуудад хүндээр тусах болсон юм. Тэгвэл тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан шалгуур хатуудсан талаар УИХ-ын гишүүн ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж хэлэв.

УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж:

-Хуулийг дэмжиж байна. Бидний гол зорилго бол зээлийн хүүг бууруулахын тулд юу хийх ёстой тухай. Ажлын хэсэг байгуулсан. Мэдээллийг онооны системд шилжүүлснээр олон хүндрэлтэй асуудал шийдэгдэнэ гэсэн хүлээлт байна. Тэтгэврийн зээлийн хязгаарлалтыг яг хэзээ өөрчлөх вэ? Өмнө нь 60/40 байсан харьцааг 70/30 болгосон. Сайжруулахгүй юм аа гэхэд хуучнаар нь байлгаж болохгүй юу? Иргэд сонгогчдоос гомдол ирсээр байна. УИХ-ын гишүүд шууд нөлөөлж болохгүй ч гэсэн баримжаа авмаар байна гэв.  

Мэдээллийг тодруулбал, нэг сая төгрөгийн тэтгэвэр авч буй ахмад зээл авъя гэвэл амьжиргааны доод түвшинтэй тэнцэх хэмжээний мөнгөө өөрийн хэрэглээнд зориулан авч үлдэх ёстой. Өмнө нь 100 хувь тэтгэврээ барьцаалж байсан ахмадууд 550 мянган төгрөгөө өөрийн хэрэгцээнд үлдээгээд үлдэх 450 мянган төгрөгт зээл гарахаар байгаа юм. Мөн банкууд зээл олгох сарын хугацааг богиносгосон бөгөөд одоогоор Хаан банк 12 сар, Төрийн банк 24 сар, Голомт банк 18 сар, Худалдаа хөгжлийн банк 24 хүртэлх сараар тэтгэврийн зээл олгож байна.

2025 оны байдлаар ахмадуудын 60 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй гэсэн судалгаа гарчээ

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Э.Батшугар: 

-Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаар ахмадуудын зээлд хязгаар тавьсан. Зээл олгож буй хугацаа өмнө нь 24-36 сар байсан бол одоо ядаж 24 сар болговол зүгээр. Мөн тэтгэврийн зээлийн хүү арилжааны бусад зээлээс бага байх ёстой. Тэтгэвэр бол хэзээ орж ирэх, ямар хэмжээтэй орж ирэх нь тодорхой найдвартай орлого тул эрсдэл багатай. Иймд Монголбанк тодорхой хэмжээнд буулт хийх хэрэгтэй гэлээ. 

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван:

-Банкнаас иргэдэд олгож буй хэрэглээний зээл 50 хувьтай байгаа бол тэтгэврийн зээлийн өр орлогын харьцаа 70/30 байгаа. Энэ нь сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэж буй орлого нь хүн амын амьжиргааны төвшний доод хэмжээг хангахаар байлгахаар хамгийн сүүлд зохицуулалт хийсэн. Урд нь 70 хувьд нь зээл авч болно гэдэг байсан бол одоо эсрэгээрээ. Ер нь бол өр орлогын харьцааг Монголбанк тухай бүрд нь зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулж тогтоодог. Зээлийн хүү буурах хамгийн гол нөхцөл бол эх үүсвэрийн бүтээмжийн харьцаа байдаг. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.