Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн шинэчлэл, үр дүнг хэлэлцэж, дараагийн хэрэгжих реформыг дэмжих шийдвэрийг гаргасан юм. “Эрдэнэс Монгол” нэгдэл Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх дараагийн цогц шинэчлэлийн реформыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Уг ажлын хүрээнд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт тэргүүтэй төлөөлөгчид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон тэргүүтэй төлөөлөл албаны хүмүүсийг хүлээн авч, үйлдвэрийн танилцуулга мэдээллийг өгөв. Мөн энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн цехүүдийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох мэдээллийг тодруулж, санал солилцов.
Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр:
-Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Монгол" нэгдлийн дэргэдэх төрийн өмчит компаниудын үйл ажиллагаатай танилцаж, “Эрдэнэс Монгол” нэгдэл хөгжлийнхөө төлөвлөгөөг танилцуулсан. Энэ хүрээнд Засгийн газар тодорхой шийдвэрүүд гаргасан.
Геологи хайгуулын ажлыг идэвхжүүлэх шийдвэр
-"Эрдэнэт үйлдвэр"-ийн 2016 оноос хойших хайгуулын үр дүнд 2 тэрбум тонн нөөц нэмэгдсэн. “Эрдэнэт үйлдвэр” анх эхлэхдээ 35 жилийн хугацаатай эхэлж байсан бол үйлдвэрийн ажиллах нас 50 жилээр уртассан байна. Гэхдээ нийт хайгуулын талбай 99 мянган га газар байдаг. Үүний өчүүхэн хэсэгт хайгуул хийсэн. Цаашид тэлээд явбал "Эрдэнэт үйлдвэр"-ийн нөөц үлэмж хэмжээгээр нэмэгдэх боломж байна. Тиймээс бусад уурхайнууд дээр хайгуулын ажлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэснээр бидэнд юу байна вэ гэдгээ мэдэж, менежмент боловсруулалтын ажлаа хийх чиглэл Засгийн газраас гаргасан.
Засаглалын ил тод байдлыг сайжруулах шийдвэр
- "Эрдэнэт үйлдвэр"-ийг олон нийтийн болгох, хөрөнгийн зах зээл дээр гаргах, ил тод байдлыг хангах ажлыг үе шаттай хийж эхэлжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын худалдан авалтыг цахимжуулж, тендер шалгаруулалтыг ухаалаг системээр хийнэ. Тус ажлын хүрээнд “Чимэгэ Системс”-тэй хамтран ажиллаж байна. 2024 онд багтаж группийн хэмжээнд хөгжүүлэлт хийж, 2025 онд ухаалаг системээр тендер шалгаруулалтаа явуулж эхэлнэ. Үүнийг дагаад ил тод байдал бий болж, хулгай сэрдэлт, арын хаалгаар тендер завших зэрэг сэрдэлт алга болох юм. 2026 онд багтаж “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд худалдан авалтыг цахимжуулж, тендер шалгаруулалтыг ухаалаг системээр хийх төслийг хэрэгжүүлнэ. 2027 оноос улс даяар хэрэгжүүлнэ. Ингэснээр Монголын төр хардалт сэрдэлтээс бүрэн ангижрах суурийн эхлэл болж байгаа тод жишээ юм.
Төрийн өмчит компаниудын зардлын хэмжээг бууруулах шийдвэр
-Өнгөрсөн онд 109 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан бол энэ онд ийм хэмжээний хэмнэлт гаргахаар ажиллаж байгаа юм байна.
Хамтарсан Засгийн газрын хамгийн том зорилго аж үйлдвэржилтийг бий болгох. Өөрийн технологи, хүний нөөц, баялгийн нөөцтэй аж үйлдвэрийн парк байгуулах явдал.
“Эрдэнэт үйлдвэр” зэс баяжуулах үйлдвэрийнхээ техник эдийн засгийн үндэслэлийг хийсэн. Үүнийг хэрхэн нээлттэй зөв шийдлээр явуулах талаар группийн түвшинд хэлэлцэж байна. Эдийн засгийн чадавхаа нэмэгдүүлэх, дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ноогдох хэмжээг 10 мянган ам.долларт хүргэх нь Засгийн газрын дэвшүүлж буй гол зорилт гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.