СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-28

Худалч хүний нээрэн олон

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 сарын өмнө

Бүхэл бүтэн хоёр сар үргэлжилсэн түлш, шатахууны асуудлаас монголчууд оны өмнөхөн салж, одооноос л нэг нуруу нь тэнийж байх шиг байна. Хэдэн цагаар дугаарлахаас гадна бухимдлаа нэг нэгэндээ гаргаж, зарим нь эрүүгийн хэрэгт татагдаж, зарим нь эрүүл мэндээрээ хохиров.

Түлш, шатахууны хомстолын улмаас бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, такси үйлчилгээ зэрэг тээврийн зардал огцом нэмэгдчихлээ. Дарга нарын ажлаа хийж чадахгүй байгаагийн горыг ард түмэн амсдаг хойно доо. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарыг анх томилогдоход өөрийнх нь тодорхойлсончлон "аж ахуйн хүн" учир гавьяа байгуулдаггүй юм аа гэхэд гай бага тарих байх гэж хүлээж байсан нь ийнхүү талаар боллоо. Уул уурхайн экспорт огцом нэмэгдэж байгааг мэдсээр байж нөөцөө бүрдүүлж чадаагүйн хариуцлагыг тэрээр үүрэх ёстой. Мөн, анхнаасаа АИ-92 шатахуун дээр зохицуулалт хийж чадаагүйн бурууг түүнд биш гэхэд өөр хэнд тохох вэ. Анхнаас нь хязгаартай олгож болох байсан юмыг банк дүүргэх маягаар явснаар жинхэнэ хомстол гэдэг нь нүүрлэж, монголчууд хэдэн өдөр хараалаа барж, эд эсээ үхүүллээ. 

Нөгөө аж ахуйн хүн маань яам, агентлагийн ажилчдаа хяргачих шахан, бүгдийг нь ШТС-ууд руу хөөж гаргаж ч байх шиг. Өнөө хэд нь жолооч нарыг царай алдан "Талаар нь авчих л даа" гэж хошуу цорвойн гуйж зогсож ч байх шиг. 

Ажил албандаа тэнцэхгүй байгаа Ж.Ганбаатарын талаар олон л зүйл сонсогдох. Украины дайнтай холбоотойгоор хоригт орчихсон байж л "Хоригт ороогүй" гэж худал ярьсан ч гэх шиг. Уул уурхайн салбар түлшийг ууж байхад нэмж захиалгаа өгөөгүй ч гэх шиг. Сүүлдээ БЭТ маягийн хүн томилж нефть импортлогч компаниудыг дарамталсан ч гэх шиг. Агуулахуудыг нь шалгаж, зөрчилтэй бол тусгай зөвшөөрлийг нь цуцална гэж сүрдүүлсэн ч гэх шиг. Янз янзын юм л сонсогдоод байх юм. 

Энэ удаад ч яахав ингээд өнгөрлөө. Ирэх хавар яанам бэ? 2024 онд дахиад 60 сая тонн нүүрс гаргана гээд төлөвлөчихсөн байгаа шүү дээ. Бас амралт зугаалгын улирал айсуй.

Худалч хүний нээрэн олон гэдэг шиг "Долоо хоногийн дараа хэвийн болно", "Хоёр хоногийн дараа хэвийн болно" гэж улиг болсон юмаа яриад суухгүй гэж найдаж байна. Эсвэл, бяраа таньсан бол "би чадахгүй нь ээ" гээд мөрөө хөөсөн нь дээр шүү. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.