СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-12-15

🔴 Б.Саранчимэг гишүүн амтат ундаанд ногдуулах татварыг нэмэх хуулийн төслийг дэмжихийг уриалав

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 сарын өмнө

Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан /2023.12.15/ болов. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /С.Одонтуяа нарын 10 гишүүн 2022.03.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж үзэл баримтлалын хувьд дэмжсэн тул холбогдох байнгын хороонд шилжүүлж, хэлэлцүүлэгт бэлтгэхээр болов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Б.Саранчимэг дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, 

-Маш чухал хуулийг өөрчлөх эсэхийг шийдэх гэж байна. Эмэгтэй гишүүд бид хүүхэд залуус, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс чихрийн агууламж өндөртэй хийжүүлсэн болон хийжүүлээгүй амтат ундаанд ногдуулах татварыг нэмэгдүүлэх хуулийн төслийг боловсруулсан. Чихрийн хэрэглээ хэтэрч, хүн амын өвчлөлд суурь шалтгаан болж байгааг эрүүл мэндийн байгууллагууд болон судлаачид тогтоож байна. Судалгаагаар сургуулийн сурагчдын 80,9 хувь нь чихэрлэг ундааг долоо хоногт нэгээс дээш удаа хэрэглэдэг болох нь тогтоогдсон. Энэ нь эрүүл бус хүнсний хэрэглээ түгээмэл байгааг илтгэж байгаа хэрэг. 

Чихэрлэг ундаа нь ямар ч шимт бодисгүй хэрнээ өндөр илчлэг өгч зүрх судасны өвчлөл, таргалалт, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний гол шалтгаан болж байна. Жишээ нь, манай улсын 18 нас хүртэлх хүүхдүүдийн 84-96 хувь нь шүд цоорхой, 15 хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй байгаа судалгаа гарсан. Ийм чухал цаг үед энэ хуулийг хэлэлцэх гэж байгаад баяртай байна. Гишүүд та бүхнийг хуулийн төслийг дэмжиж өгөхийг уриалж байна гэлээ. 

Тодруулбал, ДЭМБ-аас чихэрлэг ундаанд ногдуулах татварыг нэмэгдүүлэхийг улс орнуудад уриалж байгаа аж. Хүнсний тухай хуульд оруулах гол өөрчлөлт нь 100гр ундаанд 0,5 гр чихэр агуулагдвал татваргүй, энэ заалтаас хэтэрбэл татвар ногдуулахаар тусгажээ. Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулахаас гадна иргэдийн эрүүл мэндийг хамгаална. Чихрийн агууламжгүй жүүс ундааг татвараас чөлөөлөх, органик хүнсийг татвараас чөлөөлөх зэргээр эрүүл аюулгүй хүнсээр хангах зорилготой хуулийн төсөл ажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.