? "Ирэх онд тэтгэврийг 10 хувиар нэмнэ"
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.19/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Тэтгэврийг индексжүүлэх тухай хуулийг тайлбарлая. Энэ хууль бол тэтгэврийн доод хэмжээг өндөрсгөх тухай төсөл. 2022.02.01-ний өдөр тэтгэвэр 350 000 байж байгаад 500 000 болох үеэр гурил нэг шуудай нь 50 000 төгрөг байсан. Өнөөдөр нэг шуудай гурил 120 000 төгрөг болсон. 10 шуудай гурил авч байсан тэтгэвэр чинь 4,5 шуудай гурил л авах болчихлоо. Энэ асуудлыг тэтгэврийг индексжүүлэх тухай хуулиар шийддэг. Олон улсад хэрэглэдэг хууль. Инфляцын дагуу 10 хувиар тэтгэвэр нэмэгдэх нь. Хамгийн бага тэтгэвэр авдаг хүмүүст 15 хувь, нэг саяас дээш тэтгэвэртэй хүмүүст 15, хоёр саяас дээш тэтгэвэртэй хүмүүстээ 5 хувийн нэмэгдэл олгох байдлаар зөрүүгээ арилгах боломж бий юу?
Сангийн сайд Б.Жавхлан:
-Инфляцыг үнийн өсөлттэй уялдуулж жил бүр тэтгэвэр нэмнэ гээд хуулинд заачихсан. Юмыг яаж мэдэх вэ гээд 10 хувиар төсөвлөөд, тодорхой хэмжээний мөнгө төсөвт суулгасан. Төсөв батлагдсаны дараа хэрхэн ямар хувиар тооцож нэмэх вэ гэдгээ Засгийн газрын хуралдаанаар шийднэ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-"Хуралдай" бондын үлдэгдэл төлбөрийг/ 392 сая доллар/ 2024 онд гадаадын хөрөнгийн бирж дээрээс бонд гаргаж дахин санхүүжүүлнэ гэсэн байна. Ямар хүүтэйгээр яаж санхүүжүүлэх гэж байгаа вэ?
Хоёрдугаарт, Төсвийн алдагдалтай холбоотойгоор 3,7 их наядын алдагдлыг дотоодын хөрөнгийн биржээс дотоодод үнэт цаас гаргаж санхүүжүүлнэ гэсэн байна. Сая хот бонд гаргавал 17,8 хувийн хүүтэйгээр босгох тооцоо гаргасан. Засгийн газар 15,16 хувиар босгох байх. Дотоодын арилжааны банкуудын чөлөөт мөнгөн урсгал хэд байгаа юм? Энэ хувийн хэвшилд яаж нөлөөлөх бол?
Сангийн сайд Б.Жавхлан:
-Дотоодын бондын хүү ярих арай эрт байна. Алдагдлыг юугаар нөхөх нь төсвийн гүйцэтгэл гараад ирэхээр тодорхой болно. Төсвийн давсан орлогоор нөхөх боломж бий. Гадаад зээлээр, шаардлагатай бол дотоодын бонд гаргана. Гэхдээ дотоодын бондын хүү өндөр учраас эцсийн арга хэмжээ болгож л авах байх.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.