СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-04-13

Төрийн албан хаагч архидан согтуурсан зөрчил өнгөрсөн онд 153 гарчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

-Хуулийг дэмжиж байна. Төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх чангатгах нь хамгийн том агуулга юм. Төрийн албаны одоо мөрдөгдөж буй хуульд чөлөөлөх үндэслэлийг маш тодорхой зааж өгсөн. Энэ үндэслэл дотор тодорхой хугацаанд төрийн албан эргэж орохгүйгээр халдаг. Нөгөө нь төрийн албанаас чөлөөлөх заалтууд бий. Төрийн албаны тухай хуулийн сахилгын заалтуудтай уялдаж ёс зүйн асуудлыг яръя. Төрийн албан хаагчид албан үүрэг гүйцэтгэж байх үедээ архидан согтуурах, мансуурах төрлийн үйлдэл гаргахыг хуулиар хориглосон. Архидан согтууруурахтай тэмцэх тухай хуулиар ч хориглосон. Хориглосон үйлдлийг төрийн албан хаагч гаргавал яах вэ гэдэг нь нэг мөр хуульчлагдаагүй. Тиймээс ёс зүйн асуудал дээр нь сахилгын шийтгэл хүлээлгэх төрөлдөө оруулах хэрэгтэй. 

Төрийн албан хаагч албан үүрэг гүйцэтгэж байхдаа архидан согтуурвал тодорхой хугацаанд эргэж орохгүйгээр төрийн албанаас чөлөөлдөг болмоор байна. Төрийн байгууллагууд өөрийн гэсэн хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй.

Төрийн албанд архийг эгнэгт халах тухай асуудлыг шийдэх шаардлагатай. Өдөр тутамд зэвсэг тусгай хэрэгсэлтэй харьцаж байдаг төрийн тусгай байгууллагуудад энэ асуудал тун чухал. Хална гэдэг үгийг хуульчилж өгөх ёстой.

Үйлдлээ ухамсарлах гэдэг үүднээс нэг жилийн хугацаад төрийн албан хаагч архинаас гараад эргээд ажилдаа орж болдог, ноцтой гэж үзвэл шууд халдаг баймаар байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Төрийн албанд ажил үүргээ гүйцэтгэх явцад архидан согтуурах нь бүх зүйлд сөрөг нөлөөтэй. Холбогдох хуулиудад ажлын байранд архидахгүй байх заалтууд байгаа. Төрийн албаны ёс зүйн хуульд төрийн албан хаагчдад тавигдах ёс зүйн нийтлэг шаардлага бий. Уг шаардлагад албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэх, олон нийтийн мөрдөх дэг журмыг мөрдөн гэсэн заалтыг оруулж өгсөн. Архи ууж согтуурахаас гадна ёс зүйн олон зөрчлийг давтаж гаргасан бол хална. 

Төрийн албан зөвлөлийн дарга Б.Баатарзориг:

-Төрийн албан хаагч архидан согтуурсан 98 зөрчил 2019 онд илэрсэн. Энэ үйлдлээр 2020 онд 37, 2021 онд 75, 2022 онд 153 зөрчил илэрсэн. Зөрчлийн нөхцөл байдлаас шалтгаалаад албан үүргээс нь халах хүртэл арга хэмжээг авсан. 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

-Хориглосон заалтыг зөрчсөн хүнийг яах юм. Хална гэдэг нь хуульчлагдах ёстой. Амьдрал дээр толгойг нь илээд яваад байгаа. Халах тухай асуудал тухайн байгууллагын даргын үзэмжийн асуудал болсон. Мансуурсан төрийн албан хаагчийн өмнө Монгол Улсын иргэн очоод асуудлаа шийдүүлнэ гэж хэзээ ч байхгүй. Тиймээс шууд халдаг болох хэрэгтэй. Үйлдлээ ухамсарлах боломжийг олгохын тулд нэг жилийн хугацаатай эргэж орохгүйгээр халаад, архинаас гараад эргээд орж болдог, эсвэл шууд халдаг байх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Төслийн 16 дугаар зүйлд төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлага хүлээлгэх заалт бий. Ц.Сэргэлэн гишүүнтэй санал нэг байна. Иргэд согтуу төрийн албан хаагчийн өмнө үйлчлүүлнэ гэж байхгүй. Хэрвээ ингэвэл төрийн алба дампуурна. Ажлаас чөлөөлөх хүртэлх арга хэмжээг хуульд зааж өгсөн. Хуулийн төслийн 16.1.4-т зааж өгсөн гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.