СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-04-07

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. 

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа явуулж, зарчмын зөрүүтэй 31 саналын томьёолол бэлтгэн, Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамт Улсын Их Хурлын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. 

Байнгын хороо 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж, Ажлын хэсгийн гишүүдээс хилийн боомтын дэд бүтэц, улсын хил дамнасан байгууламж, хилийн боомт гэсэн ойлголтыг Монгол Улсын Хилийн тухай хуулийн заалтуудтай уялдуулах, хөрш оронтой төмөр замын хил дамнасан байгууламж барих, ашиглах үйл ажиллагаатай холбогдуулан төслийн 24 дүгээр зүйлд “Улсын хилийн боомт чиглэсэн, хил дамнасан төмөр зам нь нийтийн зориулалттай төмөр замд хамаарах бөгөөд энэ төмөр замын өмчлөгч нь нэг хуулийн этгээд байна.” гэж нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. 

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн хуулийн төслийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д Засгийн газрын эрхийн бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Хилийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасан хилийн бүсэд төмөр замын суурь бүтэц барихтай холбоотой асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан байна. Улсын хилийн шугамнаас 15 км-ээс илүүгүй газрыг зурвас, хилийн 100 км-ээс дотогш газрыг бүс гэдэг тул төслийн энэ заалтад зурвас гэж нэмэх боломжтой эсэхийг тодруулсан. Мөн хуулийн төслийн 16,17,18 дугаар зүйлд заасан төмөр замын тусгай бүс, зурвас газар, хамгаалалтын бүсийг эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглосон заалт байх нь зүйтэй гэсэн санал хэлэв. 

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хуулийн төслийн 7 дугаар зүйлийн Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хилийн бүсэд төмөр замын суурь бүтэц барихтай холбоотой асуудалд гишүүнээс гаргасан саналыг хүлээж авахаар болсныг тэмдэглэхийн зэрэгцээ төсөлд төмөр замын зурвас газар нь төрийн өмч байна, мөн төмөр замын зурвас газарт төмөр замын тээврийн үйл ажиллагаанаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно гэсэн зохицуулалтыг тусгасан хэмээн хариулав. Энэ үеэр хуралдаан даргалагчаас Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэнгийн хэлж буй санал болон төслийн 24.2, 24.3 хэсгийг гүйцээн боловсруулах чиглэлийг өгсөн. 

Асуулт, хариулт үргэлжилсэний дараа төслийн анхны хэлэлцүүлгийг түр хугацаагаар хойшлуулав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.