Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал Сүхээгийн Сүхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хөрш улсуудад цар тахлын хязгаарлалт үргэлжилж байгаа боловч хилийн боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг хэвийн явуулах чиглэлээр үр дүнтэй ажиллаж, хэвлэлээр тухай бүр мэдээлэл гаргаж байсныг санаж байна. Өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү?
-Цар тахлын үед хил боомтын нөхцөл байдал хүндэрч, манай улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт тасалдаж, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буурах тохиолдол цөөнгүй байсан. Тухай бүр дипломат шугамаар хятадын талтай харилцаж, хилийн боомтыг хаахгүй ажиллах, ачаа тээврийн хөдөлгөөнийг нэмэгдүүлж, хэвийн явуулах асуудлаар маш олон удаагийн яриа хэлэлцээ явуулсан. Дээд, өндөр түвшний харилцан айлчлалаар улс төр, эдийн засгийн харилцаанаас гадна хилийн боомтод тулгарч буй хүндрэл бэрхшээлийг түлхүү ярилцсаны үр дүнд улс хоорондын экспорт-импортын тээвэрлэлт зогсолтгүй үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг онцолмоор байна.
Тухайлбал, Монгол, Хятадын Гадаад харилцааны яам хооронд цар тахлын асуудлыг хэлэлцэх түр механизм байгуулж, хэд хэдэн удаа цахимаар хуралдсан, “Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц” түр журам”-ыг тохиролцож, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлснээр хятадын талд гацсан бараа материалыг татах, Монголын талаас экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан.
Хил, боомтын өнөөгийн нөхцөл байдлын хувьд ярихад Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилд 17 боомт ажиллахаар тохиролцсон байдаг. Үүнээс шинээр байгуулах төмөр замын 3, авто замын 1 боомт нээж ажиллах нөхцөл бүрдээгүй, бүтээн байгуулалтын шатанд байна. Үлдсэн 13 боомтоос түр ажиллагаатай, улирлын чанартай авто замын 3 боомт, байнгын ажиллагаатай авто замын 9 боомт, төмөр замын 1 боомт талуудын тохиролцсон цагийн хуваарийн дагуу нээлттэй ажиллах ёстой. Эдгээрээс өнөөгийн байдлаар байнгын ажиллагаатай авто замын 8 боомт, төмөр замын 1 боомтын ачаа тээврийн хөдөлгөөн зохих түвшинд амжилттай явж байна. Гадаад харилцааны яамнаас хятадын талын орон нутгийн захиргаа, төв Засгийн газрын холбогдох байгууллагуудтай тогтмол харилцаж, хилийн боомтуудын онцлогт тохирсон ачаа тээврийн дэглэмийг хэрэгжүүлж байна.
Тухайлбал, авто замын Замын-Үүд, Ханги боомтод хилийн дундын бүсэд чингэлэг солилцох, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод жолооч нар урьдчилж хятадын талд ПСР шинжилгээ өгч, хил нэвтрэх, Булган боомтод толгой-чиргүүл солих гэх мэт харилцан адилгүй тээврийн дэглэм мөрдөж байна. Цаашид цар тахалгүй буюу хэвийн үеийн тээврийн дэглэмд шилжих саналыг хятадын талд тогтмол тавьж байгаа хэдий ч тус улсын дотоодын цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж ойрын хугацаанд чөлөөтэй тээвэрлэлт хийх нөхцөл хараахан бүрдэхгүй бололтой. Гэхдээ 2022 оны сүүлийн хагас жилд хил нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоон мэдээнээс харахад Монгол, Хятадын дийлэнх боомтын ачаа, барааны эргэлт эрүүл хэвийн үеийн үзүүлэлтэд хүрсэн.
-Иргэдээс Монгол, Хятадын хил хэзээ нээгдэж, иргэд зорчиж эхлэх вэ гэсэн асуулт ихээр ирж байна. Энэ талаар мэдээлэл өгч болох уу?
-Монгол улсын Засгийн газрын 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 66, 67 дугаар тогтоолын дагуу дотоодын бүх цар тахлын дэглэмийг цуцалсан даруй Гадаад харилцааны яамнаас Хятадын талд албан ёсоор хандаж, хоёр улсын бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээх санал тавьсан. Өнөөгийн байдлаар хятадын талаас бичгээр хариу ирээгүй байна.
Гэхдээ БНХАУ-ын дотоод нөхцөл байдлыг харахад хатуу хөл хорионы дэглэмийг аажмаар сулруулах арга хэмжээ авч, чөлөөтэй зорчих нөхцөл бүрдүүлэх бодлого баримталж эхэлсэн. БНХАУ-ын коронавирусын халдвар хурдацтай тархаж, сүргийн дархлаа тогтох хүртэл багагүй хугацаа зарцуулах нь ойлгомжтой. Хятадын эрдэмтэд тус улсын дотоодын коронавирусын халдвар 2023 оны 1, 2 сард оргил үедээ хүрч, 3 дугаар сараас аажмаар буурах тооцоолол гаргасан байна. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусын халдварыг “В” төрлийн вирусээр үүсгэгдсэн ханиад ангилалд оруулж буйгаа зарласан тул цаашид БНХАУ-ын Засгийн газраас хилийн боомтоор зорчих хөдөлгөөнийг шат дараатай эхлүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байна.
БНХАУ-ын хувьд хуурай газраар 14 улстай хиллэж, төмөр замын 22, авто замын 82 боомттой. Гэхдээ эдгээр боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөн хаалттай байгааг бид бодолцох хэрэгтэй байна. Цаашид хоёр улсын хооронд иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, аль болох хурдан шийдвэрлэхийг зорьж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.