Солонгосчуудад зодуулсан монгол охин: Цагдаад өгсөн өргөдлөө буцааж ав гээд байгаа
БНСУ-ын иргэд монгол эмэгтэйд хүч хэрэглэж, зодож байгаа бичлэг өчигдөр /2022.10.16/ цахим хуудаст тархсан болон БНСУ дахь Монголын Элчин сайдын яам анхааралдаа авсан талаар бид мэдээлсэн.
Монгол эмэгтэйчүүдэд тохиолдсон энэхүү хэргээс улбаалж, "Монголчууд нэгдэж, нэг нэгнийхээ эрх ашгийг хамгаалдаг байх" талаар цахим ертөнцөд хэлэлцүүлэг өрнөж байна.
Шаардлага тавьсныхаа төлөө зодуулсан болон түүнийг хамгаалсан монгол эмэгтэйчүүдийн яриаг та бүхэндээ хүргэе.
Зодуулсан монгол охин:
-Кофе шоп цэвэрлэсний дараа үдээс хойш үйлдвэрийн цэвэрлэгээ хийхээр очсон. Машинаас буухад эзэн эмэгтэй яг л шоронгийн хүмүүстэй харьцаж байгаа юм шиг "Буугаач!" гэж хашгирсан. Ороход таван монгол эгч байсан. "Юу хийх вэ?" гэж тэднээс асуутал тэндээс эзэн эмэгтэй "Та нар тус тусдаа ажиллана. Битгий овоороод бай!" гээд хашгираад унасан.
Цаг орчим ажиллаад өдрийн хоолоо идэхээр суусан. Тэгтэл эзэн эмэгтэй намайг заагаад, "Иймэрхүү юмнуудыг хар даа" гэхчлэн муухай юм яриад байсан. Би үг хэлэхээр дөхөөд очтол эзэн эрэгтэй "Чи юу гээд муухай хараад байгаа юм!" гэсэн. Гэтэл эзэн эмэгтэй идэж байсан хоолоо бидэн рүү цацсан. Тэгэхээр нь би эгч нар руу хандан, "Та нар яагаад ингээд нэгнийгээ муу муухайгаар хэлүүлээд зүгээр суугаад байгаа юм бэ?!" гэсэн. Нэг эгч "Эд нар угаасаа ингэж харьцдаг. Нэг өдөр тэсээд, мөнгөө аваад явцгаая" гэж хэлсэн.
Хамгаалсан монгол эмэгтэй:
-Жоохон охиныг хэлэх хэлэхгүй үгээр хэлэхээр нь би тэсэхээ болиод, хоолоо цацаад босож ирсэн. Тэгэхэд эзэн эрэгтэй миний хоолойг боосон. Би яг үхлээ л гэж бодсон. Цагдаад баригдвал баригдаг, ямар ч аргаар хамаагүй цагдаад л өгье гэж бодоод зууралдсан. Тэр солонгос эзэд "Та нар визгүй. Цагдаа та нарыг удахгүй аваад явна" гээд байсан. Толгойг минь шал мөргүүлсэн.
Зодуулсан монгол охин:
-Өөрөө зодуулаад намайг хамгаалсан эгчид их баярлаж байгаа. Гэхдээ монголчууд нэгдэж чаддаггүй нь үүгээр харагдсан. Хүчирхийллийг өөгшүүлж болохгүй. Өнөөдөр намайг, маргааш та нарыг ингэж зодно. Нэг нь хүчирхийлэлд өртсөн бол бусад нь ажлыг нь хаяад явдаг баймаар байна. 100 мянган төгрөгтэй төгрөггүй бид ядуурчихгүй шүү дээ. Юу ч хэлэхгүй сууж байсан насанд хүрсэн эгч нарыг хараад би сэтгэл дундуур байгаа. Та нарын хүүхэд ийм байдалд орвол яах вэ?
Намайг одоо цагдаад өгсөн өргөдлөө буцааж ав гээд байгаа. Би яах ёстойгоо мэдэхгүй байна...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.