? Ж.Чинбүрэн: "Элэг бүтэн-Монгол" хөтөлбөрийг яагаад төсвөөс хассан бэ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан /2022.10.07/ эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын санхүүжилтын талаар байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Эрүүл мэндийн салбарын 2023 оны төсөв 2022 оныхоороо орж ирж байгаа. Инфляци, ам.долларын ханш их байна. Эрүүл мэндийн салбарын бүтээгдэхүүний үнэ ханш 40-60 хувийн нэмэгдэлтэй байна. Өнөөдөр төсвийг нэмэхгүй бол даатгалын сангаас эмнэлгүүдэд квот тогтоож байна. Та сардаа 100 хүнийг л эмчид, 150 хүнээс илүүг эмчилж өгөхгүй гэх мэт. Тухйн эмнэлэг иргэдийн үзлэгийг сараар хойшлуулах, квотод багтаагүй учраас төлбөр авч чадахгүй гэдэг утгаараа үйлчилгээ авахад хүндрэлтэй болгоно. Иргэдэд төвөгтэй болно. Өнгөрсөн хоёр жилд төсвийг үнэхээр сайн шийдсэнээр эрүүл мэндийн салбар хүндрэлгүй давсан.

Эрхэм гишүүд Та бүхэн онцгой анхаараач. Ялангуяа хэлэлцэх асуудал дээр Эрүүл мэндийн салбарын төсвийг анхаараач. 

Хоёрдугаарт, хөнгөлөлттэй эмийн асуудал. 2020 оны Засгийн газраас өргөн барьсан даатгалын шинэчлэлийн хүрээнд гол шийдэж чадсан юм бол хөнгөлөлттэй эмийн асуудал. Тусгай зөвшөөвөр өгөхгүйгээр аптекаар борлуулах, эмчлэх эрхийн лицензтэй эмч болгон жороор бичих боломж бүрдүүлсэн боловч зохион байгуулалтын хувьд төвөгтэй байдал үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, иргэд хөнгөлөлттэй эмийг тусгай зөвшөөрөл өгөхгүйгээр зөв шийдсэн байхад зохион байгуулалтын хувьд эргээд түвэгтэй болгосон байна.

Мөн төсөв дээр амжилттай хэрэгжүүлж байсан "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг хаясан байна. Хөтөлбөр үргэлжлэх ёстой. Тухайлбал, Элэгний D вирустэй 150 мянган иргэд хэзээ эм орж ирэх вэ гэдгийг хүлээж сууна. Тэр дундаа 40 гаруй мянган иргэн эмчилгээ хийлгэхгүй бол амь нас нь дээсэн дөрөөн дээр байна. Энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон асуудлыг ирэх оны төсөвт суулгаж өгөхгүй бол 2023 онд хэрэгжихгүй нь. 

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 2016-2020 онд жил бүр 40 гаруй мянган тэрбум төгрөгийг тусгаж, илрүүлж, эмчилгээ хийсэн. Тиймээс эрүүл мэндийн санхүүжилт дээр онцгой анхаараач. 3,5 сая иргэдийн эрүүл мэнд яригдаж байна шүү дээ.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Монгол Улс эрүүл мэндийн салбараас өөр олон салбартай. Нэг төсөвт олон салбарыг багтаахыг хичээдэг. Эрүүл мэндийн салбарт оновчтой төсвийн хуваарилалтад орж байгаа. Салбарын сайд нь өөрөө бүх тооцооллыг хийж, ямар нэг алдагдал үүсэхгүй гэдгээ мэдэгдсэн. Нэг их наяд, 481 тэрбум төгрөг гэдэг бол энэ жилийн түвшинд гэсэн үг. Бид өнгөрсөн жилийнхээс 20 гаруй хувиар өссөн тоо юм. ЭМДС-гаас найман хувийн бага хэмжээний төсөв батлагдаж байгаа ч ийм бага таналтад энэ салбар тэр чигээрээ зогсоно гэж хэлж болохгүй шүү.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.