УИХ дахь АН-ын бүлэг ялах уу, зөвлөл нь дийлэх үү
Ардчилсан намын хагарал улам гүнзгийрсээр байна. С.Эрдэнэд хадгалагдаж байгаа тамга, тэмдгийг бүх шатанд хүлээн зөвшөөрч байгаа боловч, УИХ дахь АН-ын бүлэг нөгөө талд буюу О.Цогтгэрэлд очоод долоо хонож байна.
Логикоор хөөвөл, хэнд тамга буй түүнд бүлгийн даргын суудал байх учиртай. Тамгатай С.Эрдэнэ, тамгагүй О.Цогтгэрэлд бүлгээ алдчихжээ. Үүнээсээ болж өнөөдөр Төрийн ордонд бүлгийн даргын өрөөгөө булаацалдаж хөгөө чирэв.
О.Цогтгэрэл нь “УИХ-ын дарга уншиж танилцуулсан албан ёсны бүлгийн дарга учир би өрөөг чинь авах ёстой” гэсэн бололтой. “Бидон” Д.Ганбат нь “АН-ын дээд байгууллагаас УИХ дахь АН-ын бүлгийг албан ёсоор тараасан. Тэгээд ч энэ өрөөний ханан дээр УИХ-ын гишүүн Д.Ганбат гэж байгаагаас биш, бүлгийн дарга Д.Ганбат гэж бичээгүй байгаа биз дээ!” хэмээн гөжүүдэлж байна.
С.Эрдэнэ, Д.Ганбат нарын өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлаар “УИХ дахь АН-ын бүлгийг албан ёсоор тараав. УИХ дахь АН-ын зөвлөлийг байгуулсугай. Зөвлөлийн даргаар Д.Ганбатыг томилсугай” гэсэн шийдвэр гарсныг танилцуулсан. Ирэх даваа гаргаас бүлэг, зөвлөл хоёр тус тусдаа хуралдаж, шийдвэр гаргаад явахаас зайлахгүй боллоо. Хэн нь АН-ыг жинхэнэ ёсоор төлөөлж байгаа нь ч ойлгогдохгүй болж ирлээ.
О.Цогтгэрэл нарт бүлэг очсоноор АН-ын хуваагдсан хоёр тал хоёулаа хүчтэй болчихлоо. С.Эрдэнэд намын тамга, гэрчилгээ байгаа бол, О.Цогтгэрэл намаа УИХ-д төлөөлөх түлхүүртэй болчихжээ.
Жинхэнэ холион бантан гэж үүнийг л хэлэх байх. Энэ бантангийн уршгаар АН 2024 оны сонгуульд хэрхэн оролцох, ялалт байгуулж чадах эсэх нь улам эргэлзээтэй болсоор. Учир нь хуваагдсан хоёр тал хоёулаа тус тусдаа нэр дэвшигчдээ нэр дэвшүүлээд явчихаж ч мэдэхээр боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.