СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-05-12

ЧУУЛГАН: Системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.05.12) хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар танилцууллаа. 

Монгол Улсын Их Хурал 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системд нөлөө бүхий банкууд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөрт багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа онцлоод Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолоор системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн гэв.

Засгийн газар Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн саналыг дэмжиж холбогдох шийдвэрийн төсөл боловсруулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзжээ. Үүнд:

1.Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг дагасан үнийн өсөлт, сүүлийн үед олон улсад бий болсон цэрэг улс төрийн хурцадмал байдлаас шалтгаалан цаашид эдийн засаг, санхүү, төсвийн нөхцөл байдал хүндэрч, хөрөнгө оруулалтын орчин эрсдэлд орох хандлагатай байна.

2.Дээрх шалтгааны улмаас инфляцын өсөлт тооцоолж байснаас өндөр гарч улс орнуудын төв банкууд бодлогын хүүгээ өсгөж байна. Уг нөхцөл байдлыг харгалзан Монголбанкнаас цар тахлын үед мөнгөний бодлогын хүүг 6.0 хувь болгон бууруулсан байсныг 2022 оны 3 дугаар сард 9.0 хувь болгон өсгөсөн.

3.Дэлхий дахинд үүсээд байгаа бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдал болон үнийн өсөлт нь инфляцад нөлөөлж байгаа тул Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ түр хугацаанд тогтвортой хадгалах, цаашлаад мөнгөний бодлогыг чангаруулах, ханшийн оновчтой бодлогыг дотоод гадаад үнийн өсөлттэй уялдуулах, санхүүгийн тогтвортой байдлыг ханган ажиллахын тулд анхдагч зах зээлд хувьцаагаа гаргахаар төлөвлөж байгаа системд нөлөө бүхий банкуудад активын чанарын үнэлгээг хийх шаардлага үүсэж байна.

4.Системд нөлөө бүхий банкийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжихээс  өмнө тэдгээрийн төлбөрийн чадварт цар тахлын үзүүлсэн нөлөөлөл, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, эрсдэлийн түвшний үзүүлэлтийг харгалзан активын чанарын үнэлгээг хийлгэх, хийлгээгүй тохиолдолд банкны хувьцааны үнэлгээ буруу гарах, улмаар хөрөнгө оруулагчдад эрсдэл үүсэхээр байна.

5.Цар тахлын үед дэлхийн ихэнх улс орнууд мөнгөний бодлогын хүүг сулруулж, төсвийн бодлогыг иргэдийн амьжиргаа болон эдийн засгаа дэмжин тэлэхэд чиглүүлж байсан бол сүүлийн 6-8 сарын хугацаанд улс орнууд төсвийн зарлагаа багасгаж, мөнгөний бодлогыг чангаруулах бодлого баримталж байгаа бөгөөд энэ хандлага нь цаашид ч үргэлжилж хадгаламжийн хүүг өсгөж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулж болзошгүй  байна.

6.Хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвх сайжирч байгаа хэдий ч банкны санал болгож буй хувьцааг дотоодын хөрөнгө оруулагчид худалдан авахад шаардлагатай эх үүсвэр дутагдаж болзошгүй байна. Системд нөлөө бүхий банкууд 430.0-580.0 тэрбум төгрөгийн үнэ бүхий хувьцааг олон нийтэд санал болгох урьдчилсан тооцоо гарч байна.

7.Богино хугацаанд буюу IPO хийх хугацааг хэт ойр тогтоож хэрэгжүүлэх нь хөрөнгийн зах зээл дээр банкны үнэлгээ буурах эрсдэлийг дагуулж болзошгүй байна.

8.Хөрөнгийн зах зээл өсөлттэй байгаа хэдий ч Виртуал хөрөнгө буюу койны зах зээлээс авсан сургамж, туршлагад үндэслэн хоёрдогч зах зээлийн арилжаагаар үнийн бууралт бий болох, ногдол ашиг тараах эсэхийг харгалзан хөрөнгө оруулагчдын анхдагч зах зээлд оролцох идэвх, сонирхол буурч болзошгүй юм.

9.Цар тахлын улмаас эдийн засагт гарч буй хямрал, олон улсын цэрэг улс төрийн хурцадмал байдал, дэлхий нийтийг хамарсан тээвэр ложистикийн хүндрэл манай улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлсээр байна.

10.Монголбанк санхүүгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд хязгаарлалтын тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа нь системд нөлөө бүхий банкуудаас хуульд заасан хугацаанд багтаан (2022 оны 06 дугаар сар) IPO хийх төлөвлөгөө амжилттай хэрэгжих боломжийг хязгаарлаж болзошгүй байна.

11.Банкуудын хувьцаагаа анхдагч зах зээлд олон нийтэд нээлттэй гаргах хуулийн хугацааг сунгах тухай Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны саналыг Засгийн газар дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан дэмжиж, энэ хугацаанд активын чанарын үнэлгээг хийж,  үнэлгээний үр дүнг банкуудын санхүүгийн тайланд тусгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь  тохиромжтой хувилбар гэж үзсэн гэв.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо нэн яаралттай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулгадаа дурдав.

Тэрбээр, хуулийн төсөл батлагдсанаар банкуудын активын чанарын үнэлгээ бодитой гарах, ингэснээр хөрөнгө оруулагчдад үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах, дотоодын хөрөнгийн зах зээлийн өсөлтийг дэмжих зэрэг нийгэм, эдийн засаг, хууль зүйн таатай үр дагавар үүснэ гэж төсөл санаачлагч үзсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэснийг танилцуулгадаа онцолсон.

Хуралдаанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Г.Амартүвшин, Э.Батшугар, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Д.Ганбат, Т.Аубакир, Б.Бат-Эрдэнэ, Б.Жаргалмаа, О.Цогтгэрэл, С.Чинзориг, Г.Ганболд, Б.Чойжилсүрэн, Ж.Сүхбаатар, Ч.Ундрам, Б.Баттөмөр,  Х.Ганхуяг, Ш.Адьшаа нар асуулт асууж, үг хэлж, төслийг дэмжсэн дэмжээгүй талаараа байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хуулийн төсөлд банкуудыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгахаар тусгасныг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ олон улсын байгууллагын зөвлөмжийг хүлээн авч, Засгийн газрын санал санаачилгыг УИХ дэмжиж ажиллах нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ гэдгийг онцолсон. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороо маш олон талаас нь нухацтай хэлэлцэж, цаг үеийн нөхцөл байдлыг үнэлээд, Монголбанкнаас оруулсан хугацаа сунгах саналыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн.

Системд нөлөө бүхий банкыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх нь томоохон асуудал төдийгүй Монгол Улсын системд нөлөөлөх томоохон банкууд нэгэн зэрэг IPO гаргаад явах нь энэ цаг үед асуудал байж магадгүй гэдгээс болгоомжлон активын үнэлгээг нь сайн хийж, хөрөнгө оруулагчдад ч гэсэн ч сөрөг үр дагаваргүй байх,  нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд хувьчлалыг зөв явуулах нь чухал гэдгийг тодотгож байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Т.Энхтүвшин, Д.Цогтбаатар нар эсрэг саналтай байв.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.1 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.