Гол өрсөлдөөн Х.Баттулга, Б.Баттүшиг хоёрын хооронд болно
Өнгөрсөн оны 11 дүгээр сард товлогдож байсан МҮОХ-ны ээлжит чуулган тодорхойгүй хугацаагаар хойшилсны эцэст 2022 оны 03 сарын 28-ны өдөр болохоор товлогджээ.
МҮОХ-ны ерөнхийлөгчид өнгөрсөн баасан гарагт Монгол улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх асан Э.Мөнх-Очир нар нэр дэвшихээр бүртгүүлжээ.
Тов гарсантай холбоотойгоор зөвлөх асан Э.Мөнх-Очир "Дүрмийн бус хурал" хэмээн эсэргүүцэж байна. Улмаар, хурлын үеэр нэрээ татах өндөр магадлалтай байгаа аж.
Энэ тохиолдолд, гол өрсөлдөөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нарын хооронд болно. Сүүлийн үед, зөвлөх асан Э.Мөнх-Очир "МҮОХ-нд хуваарилагдсан 3 тэрбум 371 сая орчим төгрөгийн зарцуулалт тодорхойгүй, хаалттай байна" хэмээн удаад дараа мэдэгдээд буй. Түүний дайралтууд Ерөнхийлөгч асан Х.Баттулгад ашигтайгаар эргэнэ хэмээн тэд тооцож байна. Харин Б.Баттүшигийн хувьд ОУОХ-ны гишүүн бөгөөд тэргүүн дэд ерөнхийлөгчийн хувиар хийж гүйцэтгэсэн ажил, ирээдүйд хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулах нь дамжиггүй.
Ээлжит чуулганаар мандатын комиссын илтгэл, ажлын тайлан, Хянан шалгах зөвлөлийн тайланг хэлэлцэнэ. Мөн, МҮОХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөл, Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн сонгууль болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.