Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам аравдугаар сард ашиглалтад орно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 23-нд болж, дарах асуудлуудыг хэлэлцэн баталжээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын зүгшрүүлэх тээврийг эхлүүлэхэд шаардлагатай 47,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2022 оны гуравдугаар сарын эхний хагаст багтаан шийдвэрлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Сангийн сайд Б.Жавхлан нарт, Санхүүжүүлэх арга хэмжээ авахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захиралд үүрэг болгож, зүгшрүүлэх тээврийг ирэх гуравдугаар сард багтаан эхлүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгажээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажил 2019 оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд энэ оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд газар 37 байна. Тавантолгой нүүрсний ордоос гадна Цагаан суваргын зэсийн орд, Хармагтайн зэс, алтны орд, Манлайн нүүрсний орд, зэс, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байна. Төмөр зам баригдсанаар орд газар эдийн засгийн эргэлтэд орж уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэнэ гэж Монгол улсын Засгийн газраас тооцжээ.
Мөн, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг шууд гэрээ байгуулах концесст оролцогчийн сонгон шалгаруулалтыг энэ хоёрдугаар сард багтаан дуусгахыг Худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөхт, концессийн гэрээг байгуулж барилгын ажлыг 2022 оны гуравдугаар сарын эхний хагаст багтаан эхлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт үүрэг болгожээ.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Дархан, Сэлэнгийн бүсээс Замын-Үүд-Эрээн, Жининь-Хөххот-Бугат /1722 км/ тээвэрлэлтийн маршрутыг Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат /1404/ болгон өөрчлөх нь төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зай 318 км-ээр богиносон, тээвэрлэлтийн өртөг 4-8 ам.доллараар буурах боломж бүрдэнэ.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2021 онд боловсруулсан техник эдийн засгийн урьдчилсан судаалгаагаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь нийт 269 км урттай, хоёр өртөө, хоорондын зам дөрвөн зөрлөгтэй байхаар төлөвлөгдөж, Зүүнбаян өртөөнд холбогдохоор урьдчилан тооцоолжээ.
Төмөр замыг 2022 оны аравдугаар сард ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгожээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.