Ч.Хүрэлбаатар: ХААН банкны хувьцааг ориг япон худалдаж авсан гэдэг одоо онигоо болсон
ХААН банкны ТУЗ-ийн дарга Савада Хидео АТГ-т хандан, УИХ-ын гишүүнийг шалгуулахаар өгсөн талаар бид өчигдөр мэдээлсэн.
УИХ-ын чуулганы хуралдаан дээр "ХААН банкны хэсэг хувьцааг эцсийн эцэст яг хэн авсан бэ? Цэвэр мөнгөөр авсан уу?" гэж зоригтойгоор дуугарсан хүн бол Ч.Хүрэлбаатар юм. Иймдаа УИХ-аас гарсан ажлын хэсгийг тэрбээр ахалж байгаа. Сүүлийн үед өөр рүү нь чиглэсэн дайралтын талаар өөрийн албан ёсны хуудсаар ийн тайлбарлаж, няцаалт өгчээ.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Одоо зарим гүтгэлэгт тайлбар өгье.
1. Хүрэлбаатар, Баатарсайхантай хуйвалдан ноён Савадад ногдол ашгийг нь өгөхгүй дарамталсаар байгаад хувьцааг нь авах гээд чадаагүй, түүндээ хорсоод байна гэх гүтгэлэг. Үнэндээ банкны хувь эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахыг нь Монголбанкны Ерөнхийлөгч асан Золжаргал 2015 онд тушаал гаргаад хориглочихож. Ийм тушаал гаргасан учир шалтгаанаа Золжаргал тайлбарлана биз. Би энд илүүднэ.
2. Сүүлийн 2 жил ноён Савадагийн хувьцааг Хүрэлбаатар заруулаагүй гэх гүтгэлэг. Харин эсрэгээрээ сүүлийн 2 жил ноён Савадагийн ХААН банкны хувьцааг ерөнхийлөгч асан Х.Баттулга авсан гэнэ, ХХБ авсан гэнэ, хотын дарга Сумъабазар хөөцөлдөөд хүмүүстэй уулзаж гэнэ гэдэг яриа хавтгай явж байсан гэдгийг хэлье. Монголбанкны үе үеийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудаас ХААН банктай холбоотой ямар нэгэн, бүүр ямар нэгэн шүү, асуудлаар асуулт ч асууж байгаагүйг минь тодруулчихна биз дээ. Надад огтхон ч хамаагүй асуудал.
3. Монголбанкны ерөнхийлөгч Лхагвасүрэн зөвшөөрөл өгчихжээ гээд албан ёсоор надад хандаж эхэлсэн цаг мөч буюу 2021 оны 10-р сараас эхэлж энэ талаар асууж тодруулж эхэлсэн. Монгол улсыг саарал жагсаалтаас гаргах Ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд, Монгол улсыг саарал жагсаалтанд дахин битгий ороосой гэж бодож явдаг хэнбугай нь ч энэхүү асуултыг асууна. Одоо энэ асуудлыг ажлын хэсэг шалгаж байна. Савадагийн хувьцаа зарагдсан талаар, тэрхүү наймааны талаар УИХ болон монголын нийгэмд зөндөө яригдана. Яригдах ч ёстой.
4. Хүрэлбаатарыг АТГ шалгаад эхэллээ гэх ярианы талаар. Өнгөрсөн цаг хугацаанд Женкогийн хүсэлт, захиалгаар АТГ-д олон удаа шалгуулсан. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байсан Бат-Ялалт АТГ-д намайг шалгуулахаар өгч байгаа тухай би уншсаан уншсан. Намайг АТГ-д өгөх өөр бусад хүмүүс байвал матаасаа бичээд л бай. Шалгуулахад бэлэн. Харин миний амыг барина гэж бодож байгаа бол санасны гарз гэжээ.
УИХ-ын гишүүн бас нэг ноцтой мэдээллийг дэлгэсэн нь "Савадагийн ХААН банкны хувьцааг зарах зөвшөөрлийг олго гэмээн шахсан томоохон албан тушаалтны бичиг харин Монголбанканд ирсэн тухай өчигдөр сонслоо. Тийм бичиг ирсэн нь үнэн гэнэ. Энэ бол асуудал шүү. Хууль хяналтын байгууллага нь шалгана биз" гэсэн байна. Хэн гэдэг албан тушаалтан Монголбанкны Ерөнхийлөгчийг шахсан талаар эрэн сурвалжлах ажил гарч ирж байгаа бололтой.
Эцэст нь тэрбээр, "ХААН банкны хувьцааг ориг япон худалдаж авсан гэдэг одоо онигоо болсон. Буруу замаар мөнгөтэй болсон хэсэг хүмүүс банк авснаа нуух гээд ядчих юм. Баригдана даа баригдана" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.