СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ярилцлага | 2021-03-11

П.Мөнхжаргал: Бид нисэхийн салбарын ирэх 30, 40 жилийн хөгжлийг харж ажиллаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцэд үйлдвэрлэлийн нэгжээ хариуцсан Иргэний нисэхийн үндэсний төв байгуулагдаад нэг жил гаруй болж байна.Тус төвийн үйл ажиллагаа болоод сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдээд байгаа гурван өрөө байрны үнээр ариун цэврийн цаас, 15 сая төгрөгөөр үнэрч нохойн хоол авсан зэрэг тендертэй холбоотой асуудлуудыг ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргалаас тодруулж ярилцлаа.

-Тэгэхээр Иргэний нисэхийн ерөнхий газарт “Иргэний нисэхийн үндэсний төв” гэдэг нэгж яагаад байгуулагдах болов гэдгээс хоёулаа ярилцлагаа эхэлье?

-Төрийн бодлогыг хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газар бүтэц, зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулж, Иргэний нисэхийн үндэсний төвийг яагаад байгуулах болов гэдэг нь хэд хэдэн шалтгаантай. Юун түрүүнд Иргэний нисэхийн салбар Монгол Улсын нийгмийн нэг хэсэг нь болсон гэж онцолж хэлмээр байна. Яагаад ингэж хэлэв гэхээр нисэх нь агаарын тээврийн аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүргэх үүрэг хүлээчихсэн. Энэ үүргийг хариуцан ажиллаж байгаа байгууллагын хувьд Монгол Улсынхаа нийгмийн нэг хэсэг болоод явж байна.

Гэхдээ, нислэгийн аюулгүй байдлыг хангуулж, хяналт зохицуулалтын үйл ажиллагаа явуулах ёстой төрийн байгууллага өөрөө үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг, өөрийнхөө эрхэлж явуулсан үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа хяналт тавьдаг, зохицуулдаг байж таарахгүй. Энэ нь ИНҮТ-ийг байгуулах хамгийн гол шалтгаан нь гэж хэлж болно. Аж ахуйн тооцоотой, иргэний нисэхийн салбарын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хариуцсан ИНҮТ-ийг байгуулснаар иргэний нисэхийн үйлчилгээ нь бизнесийн харилцаанд орох, хувийн үйл ажиллагаа эрхлэгч авиакомпаниуд хөгжих, иргэдэд хүрч үйлчилэх үйлчилгээ сайжирах, аялал жуулчлал нэмэгдэх гээд иргэний нисэхийн салбарын хөгжилд тушаа болж байсан олон асуудал цэгцрэх эхлэл тавигдажн, олон хаалга нээгдэх боломжууд бий болж байна.

-96 жилийн түүхтэй иргэний нисэхийн салбар өнөөг хүртэл хөгжөөд, дажгүй л явж байгаа шүү дээ?

-Төрийн хяналт, зохицуулалтыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас нь салгах ёстой юм байна гэдгийг гэнэтхэн өнөөдөр ойлгоод, яриад шийдэх эхлэлийг тавиад байгаа асуудал биш юм. Сүүлийн 10 гаруй жил энэ асуудал яригдаж байгаа. Хууль, эрх зүйн зөрчилдөөн, Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-оос байнга тавьдаг шаардлага, иргэний нисэхийн салбарын ирээдүйн хөгжил зэргээс шалтгаалаад төрийн хяналт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг салгах ёстой гэдгийг зөвхөн энэ салбарынхан, мэргэжилтнүүд яриад явдаг биш төр, засаг, улс нь ойлгодог болсон. Тиймээс хууль, эрх зүйн орчинг өөрчилж, шинэчилэх асуудал аль хэдийн гараанаасаа гарчихсан, тухайлбал, одоо мөрдөж байгаа Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх хаврын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж батлагдах болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Хууль, эрх зүйн хувьд агентлагийн үйл ажиллагаа зөрчилдөөнтэй болж эхэлсэн гэж та хэллээ. Тухайлбал, ямар хуультай зөрчилдөж, ямар хуулийг шинэчилэх шаадлагатай болсон юм бэ. Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-ын хувьд бол олон улсад тавьдаг шаардлагаа тавьж буй байх?

-Манай Иргэний нисэхийн тухай хууль чинь аль 2008 оны хууль. Гэтэл Агентлагийн тухай хууль чинь хоёр жилийн дараа нь буюу 2010 онд батлагдаад хэрэгжиж эхэлсэн хууль.Төрийн бодлогыг хэрэгжүүлэгч агентлаг нь аж ахуйн тооцоотой үйл ажиллагаа явуулж болохгүй гээд энэ агентлагийн хуулиараа хязгаарлачихсан. Гэтэл ИНЕГ хяналт зохицуулалт хийх атлаа үйлдвэрлэлийн үйл ажиллагаа бас явуулдаг.Ингэхээр чинь дээрх хоёр хуулиар Агентлагийн үйл ажиллагаа зөрчилдөж, төр өөрөө өөрийнхөө үйл ажиллагаанд хяналт тавьдаг болчихсон юм.

Гэхдээ зөвхөн энэ хууль, эрх зүйн зөрчилдөөний асуудал тулгараад байгаа юм биш. Олон улсын иргэний нисэхийн байгууллага болох ИКАО манай улсад аудитын шалгалт хийхдээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа тусад нь салга, хяналт, зохицуулалтын байгуулллага өөрөө үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг, түүндээ хяналт, шалгалт хийдэг байж болохгүй гэж зөвлөж, өөрчлөлт шаарддаг байсан. Бусад улс орнуудын жишээ ч ийм юм байна лээ. Тиймээс нисэхийн салбарын мэргэжилтнүүд 10-аад жилийн өмнөөс энэ асуудлыг ярьдаг, төр ойлгодоггүй байсан бол өнөөдөр хаа хаанаа ялгаж салгах, өөрчлөлт хийх ёстой юм байна гэдгийг ойлгодог, мэддэг болсон.

-Иргэний нисэхийн салбарын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа гэхээрээ яг юуг нь хэлээд байгаа юм бэ.ИНЕГ нь яг юу хийх, ИНҮТ нь юу хийх юм бэ гэдэг ялгааг нь та сайн тайлбарлаад өгөөч?

-Тэгэлгүй яахав. Агаарын навигацийн үйлчилгээ, нисэх буудлын үйлчилгээ гэсэн хоёр том үйлчилгээ иргэний нисэхийн салбарт бий. Агаарын навигацийн үйлчилгээ гэдэг Монгол Улсын агаарын зайд нисч буй агаарын хөлөгт нислэгийн удирдлагын үйлчилгээ үзүүлж байгаа хэсэг.Үүнд ашиглагдаж буй тоног төхөөрөмж бүгд энэ Агаарын навигацийн үйлчилгээ гэдэгтээ хамрагдаад явчихна. Бүүр тодруулбал, Монгол Улсын агаарын орон зайг ашиглан дамжин өнгөрч байгаа олон улсын агаарын хөлөгт нислэгийн удирдлагын үйлчилгээ үзүүлээд хураамж авдаг.Төр орлого олж байна гэсэн үг.

Нөгөө нэг үйлчилгээ болох нисэх буудлын үйл ажиллагааг ИНЕГ хариуцдаг.Улаанбаатарт байгаа Буянт-Ухаа олон улсын нисэх буудал болоод бүх орон нутагт байгаа бүх нисэх буудлуудын үйл ажиллагааг ИНЕГ хариуцдаг.Гэтэл өнөөдөр орон нутгийн нисэх буудлуудыг ашиг, орлоготой ажиллуулдаг болгоё гээд реформ хийх гэхээр Агентлагийн тухай хуулиар төрийн байгууллага бизнесийн үйл ажиллагаа эрхэлж болохгүй гэдэгтэй зөрчилдөж эхэлдэг.Орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлмээр байна шүү дээ.Тэнд жуулчид онгоцоор очдог, хөл хөдөлгөөнтэй, хүмүүс нь ажлын идэвхтэй болмоор байна. Орон нутгийн нисэх буудал унтаа байдалтай, зүгээр цалин аваад сууж байдаг ажилтантай байгаад баймааргүй байна шүү дээ. Стратегийн ач холбогдолтой аймаг сумдад том оврын, тийрэлтэт хөдөлгүүртэй агаарын хөлөг буудаг, олон улсын статустай нисэх буудал, Ази, Европыг холбосон ХАБ байгуулъя л даа. Иргэний нисэхийн салбарын ирээдүйн хөгжлөө бид одоо л тодорхойлж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна.Агаарын тээврийн салбараас орлого олох асар их боломжууд байна.

-За тэгвэл иргэний нисэхийн салбар өшөө илүү хөгжих боломж байгаа учраас хяналт, үйлдвэрлэлийг салгах ажлыг эхлүүлсэн юм байна.Тэгвэл ИНҮТ байгуулагдаад нэг жил боллоо.Энэ хугацаанд юу хийв. Үйлдвэрлэлийн нэгжээ хариуцаад явахаараа яг юуг илүү хийж хөгжүүлэх юм бэ?

-Өөрчлөлтийг бид эхлүүлснээр хөгжлийн зөв гольдролд оруулах эхлэл, суурийг тавьж байгаа. Яагаад гэхээр Агентлагт үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагаа хамааралгүй болсноор намайг хянадаг, орон нутгийн энэ нисэх буудлын чинь зурвас шаардлага хангахгүй байна, энийг засч янзалтал үйл ажиллагааг нь хаалаа гэхчилэн жинхэнэ төрийн хяналтаа хэрэгжүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангуулах ажлаа хариуцаж ажилладаг болж байгаа. Үйлдвэрлэл хариуцсан ИНҮТ нисэх буудлуудаа орлоготой ажиллуулах төлөвлөгөө боловсруулах, төрийн стратегийн бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалтаа хуваарилдаг, үйл ажиллагаатайгаа уялдуулан хүний нөөцийн бодлогоо хэрэгжүүлдэг, авиакомпаниудтай бизнесийн харилцаанд орж хөгжих боломж улам нээлттэй болох зэрэг ажлуудын бэлтгэлийг хангаж өнгөрсөн хугацаанд ажиллалаа.

Хууль, эрх зүйн хүрээнд өнөөдрийн байдлаар ИНЕГ-ын дарга ИНҮТ-ийн даргад үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хариуцан ажиллах эрх шилжүүлж өгсөн ч хариуцлага хүлээх болвбол би биш ИНЕГ-ын дарга хариуцлага хүлээх хэвээр байгаа юм.Тиймээс л хуульд өөрчлөлт оруулах ажлыгн хэсэг ажиллаж үндсэндээ Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэх, ирэх хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж эцэслэх ажлууд хийгдээд явж байна.Салбарынхан олон жил ярьсан энэ асуудлыг хаа хаанаа зөв ойлголцтой болж, ингэж өөрчлөлт хийснээр иргэний нисэхийн салбар ирээдүйд улам их хөгжиж, улсдаа эдийн засгийн үр ашигтай ажиллана гэдгийг мэддэг болсон.Өмнө нь 2015 онд билүү дээ, энэ төрийн хяналт, үйлдвэрлэлийг салгах оролдлого хийж байгаад буцаж байсан удаатай.Гэхдээ л хэзээ нэгэн цагт гарцаагүй ийм өөрчлөлтийг хийх байсан.Үе үеийн ахмадууд маань ч хэлнэ.

Харин өнөөдөр тэр өөрчлөлтийг эхлүүлж, эрх зүйн орчинг бүрдүүлэх цаг хугацаа нь одоогийн удирдлагуудын үед таарч байгаа нь иргэний нисэхийн салбарынхаа хөгжлийг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх гэсэн удирдлагын багийн зоригтой алхмын үр дүн гэж хэлж болно. Би ч энэ салбартаа удаан ажиллаж байгаагийн хувьд, нисэхийнхээ ирээдүйн хөгжил, залгамж хойч үедээ хийж бүтээсэн ажилтай үлдэхийг хичээж сэтгэл, зүтгэлээ өгч ажиллаж байна.Хэдий чинээ өөрчлөлтийг эрт эхлүүлнэ, төдий чинээ Монгол Улс маань хөжиж, иргэний нисэхийн салбар маань улам хөгжих юмаа. Харамсалтай нь өөрчлөлт, шинэчлэлийн энэ эмзэг цаг үед хийсэн бүгдийг харлуулж, гүтгэдэг, шинэ шатанд хөгжүүлэх хөрөнгө оруулалтаас хувьдаа ашиг, хонжоо хайж, удирдлагын эрх авахын тулд юуг ч сэдэж, олон нийтийн хэвлэл мэдээллийгн хэрэгслийг ашигладаг хүмүүс нөгөө талд байсаар байх юм даа. Гэхдээ айхгүй ээ, эхлүүлсэн ажил маань хэзээ хойно ч хамаагүй үр дүнгээ өгнө.Тогооноос хоол идэж яваа хүний хувьд энэ өөрчлөлт, шинэчлэлийг эхлүүлж, хэрэгжүүлж ажилласандаа бахархах зүйлтэй үлдэнэ.

-Зарим хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр 15 сая төгрөгөөр нохойнд хоол, гурван өрөө байрны мөнгөөр ариун цэврийн цаас авчээ гэсэн мэдээллүүд яваад байсан.Та түүнийг хэлээд байна уу?

-Монголын иргэний нисэхийн салбарын ирээдүйн хөгжлийн асуудлыг бид ярьж байна шүү дээ.Магадгүй хэдэн жилийн дараа би тэтгэвэрт гарахад бидний өнөөдөр эхлүүлсэн ажлыг залгамж болсон хойч үе 20, 30 жил үр дүнг нь хүртээд ажиллана.Сайны хажуугаар саад болох гэсэн хүмүүс байх юм. Нууцгүй хэлэхэд олон жил яригдаж, хэрэгжүүлж чадахгүй байсан өөрчлөлтийг өнөөдрийгн удирдлагууд зоригтой эхлүүлж, эрх зүйн орчинг бүрдүүлэх гээд ажиллаж байхад нөгөө л бусармаг санаа агуулсан, өөрчлөлт, хөрөнгө оруулалт дундаас яаж ашиг хонжоо хайсан хүмүүс байгаа юмаа. Тэд олон тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Нислэгийн удирдлагын төвийн хөрөнгө оруулалт дээр фокуслаад, өнөөгийн хийсэн бүгдийг харлуулж, болохгүй, бүтэхгүйгээр ойлгуулж, хэвлэл мэдээлэл ашиглан гүтгэж, замд нь тээг болсон болгоныг зайлуулах гэж зүтгэж байна шүү дээ.

Нисэхийн салбар чинь оргил үедээ өдөрт дөрвөн зуун мянган доллар олдог байлаа шүү дээ. Зүгээр нэг том алтны уурхай шиг л харагдаж байгаа байхгүй юу.Хөрөнгө оруулалт, ирээдүйн их орлогод шуналтсан нөхдүүд чинь энэ чинь ч болохгүй байна, тэр чинь ч болохгүй байна гэсэн гүтгэлэг тарааж, шударга царайлж байгаа царай нь байхгүй юу. Хамгийн гол мөнгө олдог Агаарын навигацийн үйлчилгээ, нислэгийн удирдлагын шинэ төвдөө 30, 40 жил хоцрогдохооргүй тоног төхөөрөмжтэй болох хөрөнгө оруулалт хийж, төдий олон жил улсдаа ашиг оруулах, нисэхээ хөгжүүлэх ирээдүйг харж ажиллаж байхад яаж дундаас зулгааж хувьдаа ашиг хийчих вэ гэсэн бодолтой. Тендерээс мөнгө завшлаа гэж хэвлэлүүдээр зохион байгуулалттай, төлбөртэй нийтлэл тарааж гүтгээд байгаагийн ард нь шалгалтын нислэгийн аппаратыг анх авах гээд тендер зарласан байхад үнэлгээний хорооныхонтой нэг нэгээр нь уулзаж, шалгаруулаад өгвөл мөнгө өгнө гэж амлаад явж байсан л нөхдүүд байгаа шүү дээ.

Ковид цар тахал гарч, улс орнууд агаарын хилээ хаан нислэггүй болохын өмнөх жил буюу 2019 онд Чингис хаан олон улсын нисэх буудал нэг сая дөрвөн зуун мянган зорчигчдод үйлчилсэн. Үдэгч, угтагчдын тоог оролцуулбал ойролцоогоор нийт гурван сая хүнд үйлчилгээ үзүүлсэн гэсэн үг. Олон улсын нисэх буудал, үйлчилгээний энэ газарт ариун цэврийн өрөөнүүд байх ёстой. Ариун цэврийн өрөөндөө ариун цэврийн цаас, гар арчих цаас, эсвэл хатаагч, гарын шингэн саван гээд байх ёстой.Гэтэл ариун цэврийн цаас авлаа гэж хэвлэлүүдээр бичүүлээд байх юм.Бид ямар сонины цаас зөөллөөд тавилтай биш дээ.Харин ч олон улсын нисэх буудал зорчигчийнхоо тав тух, таатай орчинг бүрдүүлсэн ийм үйлчилгээ, соёлыг нэвтрүүлээч гээд ярьж, бичих ёстой юм биш үү. Нисэх буудал нь тасралтгүй 24 цагаар үйл ажиллагаагаа явуулж, зөвхөн нэг ээлжинд нь 600 гаруй хүн ажиллаж байдаг.

Бид тэр хүмүүсийнхээ ажиллах орчин нөхцөл, ариун цэврийн өрөө, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой юм.Гэрээсээ ариун цэврийн цаасаа авчирч хэрэглэ гээд сууж байдаг байгууллага орчин үед хаана ч байхгүй, ажил олгогч нь ажилтнуудынхаа ажиллах орчин, нөхцөл, төхөөрөмжөөр хангах үүрэгтэй байхгүй юу. Нохойд хоол авч өглөө гэж бас шүүмжилж бичээд байгаа. Гэтэл онцгой чиг үүрэгтэй энэ байгууллагад нислэгийн аюулгүй байдлыг хангаж, иргэн бүрийн амь насыг хамгаалж 13 нохой нэг ч төгрөгний цалингүй ажилладаг юм.

Бусад улс оронд бол бүүр нохой бүрт цалин олгодог жишээ ч бий.Тэр цалинг нь хоол, витамин, эрүүл байлгах үзлэг, оншилгоо, эмчилгээний зардал зэрэгт зарцуулдаг юм билээ. Манайд бол хоолыг нь авч өгөх гэж хэлтэй амтай тендер зарлаж байна. Тэсэрч дэлбэрэх бодис, хар тамхи илрүүлэх гэхчилэн учирч болзошгүй маш их эрсдэл, нислэгийн аюулгүй байдлын төлөө үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа энэ нохойнуудад ядаж зориулалтын хоол тэжээлийг нь авч өгөхгүй бол үнэртэх мэдрэмжээ алдахаас эхлээд гарч болох үр дагавар, эрсдэл асар өндөр байж мэднэ.Гэх мэтчилэн тусгай чиг үүрэгтэй нохойд хоол авч өглөө, нисэх буудалд ариун цэврийн цаас авлаа гээд шилэн дансанд нээлттэй тавьсан тендерийн баримт мэдээг ашиглан харлуулж бичих юу нь тийм сонин байгаа юм бэ.Байгууллагуудад байх ёстой стандарт, шаардлагыг хэрэгжүүлээд явж байна. Хэрэв энэ шаардлагыг хангаж чадахгүй бол олон улсын зорчигчгүй, аялал жуулчлал хөгжихгүй, нисэх буудал хаагдахад хүрэх биз. Нөгөө аюулгүй ажиллагааг хангаж ажиллах нь битгий хэл хэдэн нохойндоо ч хоолыг нь авч өгч чаддаггүй гэж хэлэгдэх байх.

Ийм аюултай нөхцөл байдал үүсвэл нисэх буудлын үйл ажиллагааг хаачихдаг юм.Юу ч зарахгүй, зарцуулахгүй, нислэггүй байж байвал л энэ шүүмжлээд байгаа хүмүүсийн санаа амрах гээд байгаа юм уу.Энэ чинь нисэхийн салбарыг хөгжүүлье гэсэн хүний санаа биш байхгүй юу.Ийм юм нийгэмд сэвчихээд нисэхийн хөгжил ярьж байвал энэ чинь бишээ.Эцэст нь хэлэхэд хэвлэл мэдээллээр зориуд, зохион байгуулалттайгаар, нэг нийтлэл олон сайтад дахин дахин гаргаж байгааг анзаарч, цаад үнэнийг тодруулахаар ирж ярилцсан та бүхэнд баярлалаа.Үнэн, чин зүтгэл хэзээд ялдаг шүү дээ.

Г.ХУЛАН

2021.3.11 ПҮРЭВ № 47 (6524)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.