Карл-Энтони Таунсын гэр бүлийн долоон гишүүн коронавирусээр нас баржээ
Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбоо буюу "NBA"-ийн "Minnesota Timberwolves" багийн од тоглогч Карл-Энтони Таунс гэр бүлийн долоон гишүүнээ коронавирусийн цар тахалд алджээ.
Таунсын ээж Жаклин Таунс өнгөрсөн дөрөвдүгээр сард "Ковид-19"-ийн хүндрэлийн улмаас нас барсан юм. Тэгвэл Таунс өнгөрөгч баасан гарагт сэтгүүлч нартай ярилцахдаа гэр бүлийнх нь дахиад зургаан хүн цар тахлын улмаас нас барсан болохыг хэлсэн байна.
Тэрээр "Би маш их зүйлийг туулсан. Ээжээсээ эхлээд л ... Өчигдөр орой би авга ахаа алдсан гэсэн мэдээг дуулсан. Би энэ бүхний улмаас хатуужиж, байгаа зүйлдээ илүү талархах болсон гэж бодож байна" хэмээн ярьжээ. Түүний аав Карл-Энтони Таунс Сениор мөн коронавирусийн халдвар авсан хэдий ч эдгэрээд байгаа бөгөөд тэрээр одоо гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг хичээж байгаа гэсэн юм.

Таунс "Сүүлийн долоо, найман сарын хугацаанд би маш олон авс харсан. Гэхдээ миний гэр бүл болон ээжийн талын гэр бүлд коронавирус туссан хүн олон байгаа. Би тэднийг хэрхэн эрүүл чийрэг байлгах талаарх хариултыг хайсаар л байна. Гэр бүлээ мэдээллээр сайн хангаж, тэднийг амьд байлгахын тулд шаардлагатай бүх алхмыг хийх нь надад маш их үүрэг хариуцлага болж байна" хэмээн тэмдэглэжээ.
"NBA"-ийн шинэ улирал айсуй энэ үед Таунс бэлтгэлээ базаахдаа ихээхэн бэрхшээлтэй тулгараад байгаагаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд ээж нь эмнэлэгт хэвтсэнээс хойш сэтгэлзүйн хувьд тийм ч сайнгүй байгаа гэсэн юм.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.