22-ын товчоон дээр хөл хөдөлгөөн их байна. Орон нутгуудаас түргэвчилсэн оношилгоо авч гарах эрхтэй иргэдээ аймгаасаа гаргасан. Гэвч Улаанбаатар хот руу орох гэхээр ПСР-ийн шинжилгээтэй байж оруулна гэсэн шаардлагын улмаас өнөөдөр энд маш олон иргэн гацжээ
Иргэд:
-Би Архангай аймгийн Хайрхан сумаас ирсэн. Өглөө аймгаас шинжилгээ авч Улаанбаатарт 15 цаг өнгөрч байхад ирсэн. Одоог хүртэл энд байна. Түрүүн биднээс шинжилгээ авсан. 48 цагийн дараа хариу нь гарна гэх юм. Гэвч ганц явуулын шинжилгээний цэг ажиллаж байгаагаас үнэхээр хүндрэлтэй байна. Цагдаа нар бас буруу ярьж байна. Бид халдвар гараагүй сумдаас ирсэн. Гэтэл биднийг голомттой газраас ирсэн, битгий ойрт гэх мэтээр ялгаварлан гадуурхаж байна. Бид бага насны хүүхэдтэй явж байгаа.
Машинаа байнга асааж нормалдаж байна, бензин шатахуун хэцүү байна. Шинжилгээний хариугаа хурдан гаргамаар байна. Хоол ундгүй хэцүү байна.
-Нөхцөл байдал хүнд байна. Ирээд хоёр хонож байна. Архангайн Өлзийт сумаас ирсэн. Энд ирэхэд голомттой бүс гээд оруулахгүй гэсэн. Дөнгөж сая л шинжилгээ авлаа. Өчигдөр 22-ын товчоо дээр битүү хүн машинтай байсан. Өнөөдөр арай шингэрч байна. Гэхдээ л хоол ундгүй, бензин шатахуун нь дуусах гээд хүнд л байна. Хурдан шинжилгээний хариугаа гаргаач ээ.
-Би өглөө ирсэн. Шинжилгээгээ өгсөн. Хариу нь маргааш гарна, оройдоо гарна гэх мэтээр янз бүрээр ярьж байна. -Би урд шөнө 03:00 цаг өнгөрч байхад Булганаас ирсэн. Аймагт байхдаа шинжилгээ өгөөд гарсан. Гэтэл энд заавал дахин авна гэж байна. Хаашдаа дахин авах юм бол яах гэж аймаг дээр өгүүлж төвөг чирэгдэл учруулж байдаг юм бэ. Халдвартай л гээд байгаа биз дээ. Бид машинаасаа гарах ч эрхгүй сууж л байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.