МАН-ын бүлэг дээр Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд юу гэж ярьсныг бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд уржигдар уламжилсан.
Ерөнхий сайд “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд Сангийн яамнаас сарын өмнө ЖДҮ-ийн үйл ажиллагаанд шалгалт оруулсан. Удахгүй энэхүү шалгалтын үр дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ЖДҮ-ийг дэмжих сангаас эрх ашгаа хэтрүүлж, албан тушаалын байдлаа ашиглан, хууль бусаар зориулалтын дагуу зээл аваагүй этгээдүүдийг тогтоож, хууль хяналтын байгууллагаар шалгуулж, хариуцлагын асуудлыг ярина” гэж ярьсан байна.
Ерөнхий сайдын энэ үг нийгэмд хоёрдмол утгатай бууж байгаа. Хариуцлага тооцно гэж олны уурыг дарж байгаад, цаагуураа хариуцлага тооцсон дүр эсгээд асуудлыг нам дарна гэсэн үг л дээ.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэдэг нь хуулиараа 199-ээс дээшгүй ажилтантай, жилийн 1.5 тэрбумаас илүүгүй төгрөгийн борлуулалт хийдэг компани байх ёстой. Гэтэл зээл авсан компаниудыг харахад 1.5 тэрбум байтугай жилийн 15 тэрбумыг эргэлдүүлдэг нь ч байх шиг
Албан тушаалтнууд компанидаа зээл авахдаа бүгд л хууль ёсны дагуу бичиг баримтаа бүрдүүлээд авсан нь тодорхой. Дутуу бичиг баримт бүрдүүлсэн, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй гэх асуудал тэрбумтнуудын компаниас бараг гарахгүй болов уу.
ЖДҮ-ийн энэхүү дуулианд хууль, дүрэм зөрчсөн асуудал гэхээсээ ёс зүйн буруушаалт явагдаж байгаа. Шударга бус байдал нэвт үнэртэж байгаа. Цаашилбал, төрийн өндөр албан тушаалтнуудыг зээлээр, зохион байгуулалттай авлигадсан байж болзошгүй нөхцөл байдал мэдрэгдэж байгаа. Гэхдээ мэдээж бүгд хуулийн дагуу. Ийм байхад үүнд Сангийн яамны шалгалт ороод, үнэн мөн нь тодрохгүй нь ойлгомжтой.
Иргэдийн зүгээс хамгийн их бухимдаж байгаа зүйл бол шаардлагыг нь хангасан компанид зээл олдохгүй байхад албан тушаалтнуудад олддог, олдох олдохдоо багадаа л 950 сая төгрөг олгосонд байгаа. 950 сая төгрөг гэдэг ойролцоогоор нэг тэрбум төгрөг гэсэн үг. Гишүүний нэг тэрбум төгрөг зүсээ хувиргаад яваа нь гарцаагүй гэж ярьцгааж байна. Түүнчлэн энэхүү зээлийг авахад МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ам алдсанчлан “Бүлэг” хүртэл нөлөөлсөн нь батлагдлаа.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэдэг нь хуулиараа 199-ээс дээшгүй ажилтантай, жилийн 1.5 тэрбумаас илүүгүй төгрөгийн борлуулалт хийдэг компани байх ёстой. Гэтэл зээл авсан компаниудыг харахад 1.5 тэрбум байтугай жилийн 15 тэрбумыг эргэлдүүлдэг нь ч байх шиг байна.
Сүүлийн үед авсан мэдээллээр Жижиг дундаас зээл авсан албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн, үүнд Нийслэлийн Прокуророос хяналт тавьж ажиллаж байна. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эдгээр хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэж болох юм билээ” гэж “Цэнзүүргүй яриа”-д орохдоо илэрхийлсэн. Ингэж хэлснээрээ “Шалгуул, хариуцлагын асуудал ярина” гэсэн Ерөнхий сайдаас давуу тоглолт хийж байгаа гэдгээ нийгэмд мэдрүүлээд эхэлчихлээ. Ерөнхий сайд Б.Батзориг, Я.Содбаатар хоёроор туг тахих уу? Олны хилэнг хэрхэн намжаах юм бол доо?