Энэтхэг улс холын зайд буюу 643 км зайд тусах торпед хошуутай сөнөөгч пуужингийн туршилтыг амжилттай явуулсан тухайгаа мэдээллээ. Уг пуужин нь далай тэнгист дайсны шумбагч хөлгүүдийг сөнөөх зориулалттай ажээ.
SMART буюу торпедоор цэнэглэсэн дуунаас хурдан пуужингийн системийг энэ долоо хоногийн даваа гарагт Энэтхэгийн Одиша мужийн эрэгт Уилер арлаас хөөргөсөн байна. Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр дайсны шумбагч хөлгийг эсэргүүцэх чухал туршилт болсныг онцолжээ. Уг пуужин нь холын зайд сөнөөх чадвартайгаас гадна, хамар нь салж торпед хошуугаар харвана.
Пуужинд суурилуулсан торпед нь 50 кг цэнэгтэй хошуу бөгөөд зай хураагуураар ажиллаж 20 км орчимд харвах хүчин чадалтай байна. Харин дуунаас хурдан пуужингийн тусламжтайгаар 643 км хүртэл зайд тусах юм.
ОХУ, АНУ, Япон улсууд хөнгөн торпед хошуутай пуужингуудтай боловч тэдгээрийн аль нь ч Энэтхэгийн туршсан пуужинтай ижил хол зайд тусах чадамжгүй ажээ.
Ойрын жилүүдэд Энэтхэг улс далай тэнгис дэх дайсны шумбагч хөлгүүдийн эсрэг тэмцэх чадамжаа сайжруулж, тэнгисийн цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлсээр байна. Энэтхэгийн далайд Хятадын ашиг сонирхол нэмэгдэх болсон. Энэтхэг, Хятад хоёр улс Гималайн нурууны орчимд хилийн зөрчил мөргөлдөөнтэй холбогдуулан ойрын саруудад дайсагнасан харилцаатай байгаа юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.