Сургалтын төвүүдийг нээхийг шаардан, гарын үсэг цуглуулна

Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг сургалтын төвийн төлөөллүүд энэ сарын 22-нд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, “Корона эдийн засгийн шорон биш. Сургалтын төвүүдийг цөөн хүнтэйгээр хичээллүүлэх боломжийг олгохгүй бол 5000 иргэн ажлын байргүй, орлогогүй болоод байна" хэмээн мэдэгдсэн. 

Монгол улсын улсад 1100 орчим албан ёсны эрхтэй богино хугацааны сургалтын төвүүдэд 5000 гаруй ажилтан ажиллаж байна. Эдгээр төвүүд нь Засгийн газрын тогтоолын дагуу есдүгээр сарын 1 хүртэл үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм. Сургалтын 63 төв нэгдэн, дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин, ХНХ-ын сайд С.Чинзориг, Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга генерал Т.Бадрал нарт Мэргэжлийн хяналт болон холбогдох байгууллагуудаас тавих шаардлын дагуу ариутгал явуулах стандартыг хангасан орчинд, 10-аас дээш насанд хүрсэн хүмүүст сургалт явуулах хүсэлтээ хүргүүлсэн боловч ОБЕГ-аас татгалзсан бичиг ирж, бусдаас нь ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. 

Иймд сургалтын төвүүд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжин, өнөөдөр 12 цагаас Сүхбаатарын талбайд 2000 хүний гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа зохион байгуулахаар болжээ. Тэд сургалтын төвийн үйл ажиллагааг цөөн тооны хүнтэйгээр, тодорхой шаардлагын дагуу зохион байгуулах хүсэлтийг хангаж өгөхийг шаардсаар байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.