СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Бат-Эрдэнэ: Бие даан нэр дэвшигчид ирэх сарын 10-наас 801 хүний гарын үсгээ цуглуулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнээс УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчдийн бүрдүүлэх баримт материалын талаар зарим зүйлийг тодрууллаа. Учир нь нэр дэвшигчид маргаашийн дотор ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө өгөх хуулийн хугацаатай юм.

-Намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, Үндэсний аудитын газраар дүгнүүлж дууслаа. Эхнээсээ Сонгуулийн ерөнхий хороонд намууд УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлж байна. Харин бие даан нэр дэвшигчид хэдний дотор танайд материалаа хүргүүлэх ёстой юм бэ?

-Бие даан нэр дэвшигчид сонгуулийн мөрийн хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 25-наас өмнө Үндэсний аудитын газар хүргүүлэх ёстой. Аудитын газраас тухайн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм. Мөн бие даан нэр дэвшигчдэд энэ дүгнэлтийн нэг хувийг өгнө. Энэ дүгнэлтээ нэр дэвшүүлэх үйл ажиллагаа дууссанаас хойш тав хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд мөрийн хөтөлбөр болон холбогдох баримт бичгийн хамт ирүүлэх ёстой.

-Бие даан нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Үүнээс хойш тав хоногийн хугацаанд буюу тавдугаар сарын 21-нээс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн аудитын дүгнэлт бусад хуульд заасан баримт бичгээ манайд өгнө.

-Бие даан нэр дэвшигчид 801 хүний гарын үсэг цуглуулах маягтаа Сонгуулийн ерөнхий хорооноос хэзээ авах вэ. Мөрийн хөтөлбөрөө танайд хүргүүлэхдээ үүнийг хамт хүргүүлэх ёстой юу?

-801 хүний гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа тавдугаар сарын 10-16-ны хооронд үргэлжилнэ. Ингэхдээ бие даан нэр дэвшихээр төлөвлөж байгаа хүмүүс тавдугаар сарын 10-наас нэр дэвших тойргийн буюу, аймаг, дүүргийн сонгуулийн хорооноос маягтаа авна. Тэр өдрөөс эхлэх гарын үсэг цуглуулах ажлаа явуулна. Ингээд таван сарын 21-нээс өмнө холбогдох бичгүүдийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

-Сонгуулийн ерөнхий хороонд өгөхдөө ямар материал бүрдүүлэх ёстой юм бэ?

-Нийт арван төрлийн баримт бүрдүүлэх ёстой. Аль байгууллагаас хэрхэн яаж авах талаар Сонгуулийн ерөнхий хороо цахим хуудсаараа дамжуулан тухай бүрт нь мэдээлнэ. Мөн 801 хүний гарын үсэг цуглуулах маягтаа авах үеэр эдгээр баримт материалыг хаанаас, яаж бүрдүүлэх вэ гэдэг гарын авлага өгөх юм.

-Орон нутагт нэр дэвшиж байгаа бол харьяа дүүргийн хорооноос гарын үсэг цуглуулах маягтаа авах уу?

-Тэгнэ. Өөр газар өгөх боломжгүй. Зөвхөн нэр дэвших гэж байгаа тойргийнхоо сонгуулийн хорооноос авч, тухайн тойргийн хүмүүсээс гарын үсэг цуглуулах юм.

-Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал гаргахад шинэ журам гаргах уу хуулиараа зохицуулаад явах уу?

-Энэ талаар шинэ журам гарахгүй. Сонгуулийн тухай хуулиараа зохицуулаад явна.

-Цахим орчинд сурталчилгаа явуулах талаар хуульд шинэ заалт орсон. Ингэхдээ албан ёсны хаягаа бүртгүүлнэ гэсэн. Нэг хүн хэдэн хаяг бүртгүүлэх боломжтой вэ?

-Нэр дэвшигч албан ёсны хаягаа аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ. Энд бүртгүүлсэн хаягнаас өөр хуудаснаас сонгуулийн сурталчилгаа явуулах боломжгүй. Нэр дэвшигч хэдэн ч хаяг бүртгүүлсэн болно.

Б.Бадралмаа

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.