СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энхийг сахиулагч Б.Цээноров: Буун дуу тачигнаж байсан ч бид барьцаалагдсан хүнийг аварч чадсан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Гал нээлгүйгээр барьцаалагдсан хүнээ аварсандаа баяртай байна

. Бэнтью хот дахь НҮБ-ын баазын шалган нэвтрүүлэх цэгийн гадна зэвсэглэcэн орон нутгийн долоон иргэн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын ажилтныг барьцаалах оролдлого хийснийг ажиллагааны ахлах, ахмад Б.Цээноровоор ахлуулсан манай цэргийн албан хаагчид таслан зогсоосон байна. Хүчирхэг дээдсийн морин туурай хүрч амжаагүй алс хязгаарт, хүний нутгийн амгаланг сахиулахаар үүрэг гүйцэтгэж буй монгол цэргүүдийн төлөөлөл Батсүхийн Цээноровтой ярилцлаа. 

-Тухайн үед яг юу болсон бэ? 

-Судан Улсын Бэнтью, Парин хотыг холбосон төв зам дээр Монгол Улсын эргүүлийн бүлэг үүрэг гүйцэтгэдэг. Тухайн үед НҮБ-ын баазын зэвсэггүй бүсэд үүрэг гүйцэтгэж байсан “Зүчи” эргүүлийн бүлгээс хүч нэмэгдүүлэх шаардлагатай байгаа мэдээ хүлээж авсан юм. Орон нутгийн зэвсэглэсэн иргэд хүмүүнлэгийн байгууллагын ажилтныг хүч хэрэглэн авч явах гэсэн үйлдлийг таслан зогсоож, саатуулаад байгааг удирдлагын төвд илтгэсэн юм билээ. Үүссэн нөхцөл байдлыг үнэлж, батальоны ажиллагааны удирдлагын төвөөс надаар ахлуулсан шуурхай бүлэг томилсон.

Тухайн газарт очиход нөхцөл байдал нэлээн хурцадсан байсан. Зэвсэглэсэн этгээдүүдтэй ярилцаж, тохиролцоо хийх боломжгүй байдал үүссэн нь илт. Тэдэнтэй эв зүйгээр ойлголцохыг оролдож, сөргөлдөгч хүчний удирдагчтай ярилцсан. Гэтэл бидэн рүү орон нутгийн хэлээр орилж, буу тулган сүрдүүлэн заналхийлж, хүмүүнлэгийн ажилтныг хүч хэрэглэн мотоцикл дээр суулган авч явах оролдлого хэд хэдэн удаа гаргасан. Бид цагийн байдлыг үнэлж, хүмүүнлэгийн ажилтныг хамгаалахын тулд зэвсэглэсэн этгээдүүдийн эсрэг “Хүч хэрэглэх дүрэм”-ийн дагуу НҮБ-ын цэргийн сүр хүчийг үзүүлэн анхааруулж, буу цэнэглэн, зэвсэг хэрэглэхэд бэлэн байгааг хэлсэн. Гэсэн хэдий ч зэвсэглэсэн этгээдүүд шаардлагыг үл тоож, эмнэлгийн ажилтныг мотоциклд суулган зугтах оролдлого гаргасаар байлаа. 

-Хүмүүнлэнгийн ажилтныг яаж аварсан бэ?

-Бужигнаан дунд зэвсэгт этгээдүүдийн толгойлогч нь ярилцаж, үймээнээ зогсоож, эв зүйгээр учраа олох тохиролцоонд хүрсэн юм.Гэтэл зэвсэгт этгээдүүд толгойлогчийнхоо үгийг сонсохгүйгээс болоод үймээн үргэлжилсэн. Барьцаалсан хүнээ авч явах оролдлого удаа дараа гаргасан учраас тэдний замыг хаах үүрэг өглөө. “Зүчи” эргүүлийн бүлэг дөрвөн машинаар давхар хаалт тавьж, хөдөлгөөнийг нь хязгаарласан. Гэтэл тэд эсэргүүцэж, агаар руу хий буудаж, сүрийг үзүүлсэн юм. Замыг нь хаасан ч мотоциклтой учраас нарийхан замаар зугтах оролдлого гаргалаа.

Энэ үед манай цэргийн багийн залуучууд барьцаалагдсан эрэгтэйд машинд суух чиглэл өгсөн юм билээ. Тэгээд манай нэг машин мотоциклтой этгээдийн урдуур хөндөлсөж зогсоход, барьцаалагдсан эрэгтэй машинд зугтаж суусан. Тэгээд л аюулгүй газар руу явж, бүрэлдэхүүнээ татах үүрэг өгч, ажиллагаагаа амжилттай дуусгасан. Буун дуу тачигнаж байсан ч манай багийнхан барьцаанд байсан хүнийг аварч чадсан. Энэ бол хамтын ажиллагаа.Зэвсэглэсэн этгээдүүд барьцаалагдсан хүнийг суулгасан машины урд хэсэг рүү хэд хэдэн удааг буудсан ч бид аюулгүй газарт очсон.

-Тухайн үед барьцаалагдсан хүний сэтгэл санаа ямар байсан бэ?

-Ажиллагаа дууссаны дараа энэ талаар асуухад, “Намайг яагаад ингэж байгаа юм бол” гээд маш гомдолтой, сэтгэл санаа нь тогтворгүй байсан. Тэгээд аюулгүй газар очоод тайвширсан байх. Мэдээж түүний оронд хэн ч байсан айх байсан болов уу. 

-Аврах ажиллагааг явуулж байхад өөрт тань юу бодогдож байв? 

-Яаж ийж байгаад барьцаалагдсан хүнийг аврах юм сан гэж бодож байлаа. НҮБ-ын мандатаар заасан үүргээ биелүүлэх ёстой гэж бодож, бид хамтдаа тэмцсэн. Дүрэмд гал нээх нь хамгийн сүүлийн арга байдаг. Тэрнээс өмнө шаардлагатай бүх арга хэмжээг авсан байх ёстой. Шат дараалсан арга хэмжээ авч, гал нээлгүйгээр барьцаалагдсан хүнээ аварсандаа баяртай байна. Тэнд ажилласан залуус ч үүргээ мэдэж байсан учраас аврах ажиллагаагаа амжилттай гүйцэтгэсэн. 

-Одоо нөхцөл байдал ямар байна вэ? 

-Манай холын эргүүлийн багийн үүрэг гүйцэтгэж буй газарт нөхцөл байдал хүнд байгаа. Судан Улсын зарим газарт цагийн байдал хүндэвтэр байна. Гэхдээ бидний гүйцэтгэсэн аврах ажиллагаа бол байдаг л зүйл. Иймэрхүү ажиллагаа тохиолддог. Бид хүлээсэн үүргийнхээ дагуу л ажиллаж байгаа. Энд үүрэг гүйцэтгэж байгаа монгол цэргүүдийн тухайд хангалттай сайн ажиллаж байна. 

-Яагаад цэргийн хүн болсон юм бэ? 

-Би Монгол цэргийн өдөр буюу гуравдугаар сарын 18-нд төрсөн. Арван жилээ төгсөөд, Батлан хамгаалахын их сургуульд суралцахаар элсэж, үүнээс хойш цэргийн амьдралтай холбогдсон. Яагаад ч юм, арми миний бүхий л амьдрал юм шиг санагддаг. Төрсөн өдрөө бодохоор ч тэр юм уу, энэ л миний орон зай шиг санагдаж, албандаа зүтгэж байна.Жижиг гэлтгүй бүх зүйлд хариуцлагатай хандах юм сан гэж боддог. Удирдаж байгаа хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ ойлголцож, ажлаа хийхийг хичээдэг. 

-Монголд байгаа гэр бүлийнхэндээ энэ тухайгаа хэлээгүй юм билээ? 

-Бид чинь үүрэг хүлээсэн цэргийн хүмүүс шүү дээ. Цагийн байдал, болж байгаа үйл явдал бүрийг гэр бүлийнхэндээ хэлэх шаардлагагүй. Гэрийнхэн маань ч үүнийг мэддэг болохоор тэр бүр асуудаггүй. 

-Манай сониноор дамжуулаад гэрийнхэндээ юу хэлэх вэ?

-Охин маань өнгөрсөн жилийн хоёрдугаар сард төрсөн юм. Охиноо төрснөөс хойш бараг цуг байж чадаагүй. Хамт байсан өдрүүдээ тоолоод үзсэн чинь дөнгөж 20 хоног хамт байсан байна лээ. Хаврын марш тактикийн тэмцээн, ажиллагааны бэлтгэл, бусад тэмцээн гээд гэртээ орох завгүй байсаар энд ирсэн. Одоо охиныхоо зураг, бичлэгийг үзэхээр сонин мэдрэмж төрөөд байдаг юм. Охинтойгоо тоглохыг, “Аав аа” гэж дуудахыг нь сонсохыг маш их хүсэж байна. “Эхнэр, охин хоёртоо маш их хайртай шүү” гэж хэлмээр байна. Монгол цэргүүд үүргээ нэр төртэй биелүүлж байгаа. Удахгүй уулзахын ерөөл өргөе. 

С.ЗОЛЗАЯА: АНХ СОНСООД МАШ ИХ САНДАРЧ, БАС НӨХРӨӨРӨӨ БАХАРХСАН

Б.Цээноровын эхнэр С.Золзаяатай холбогдож, цөөн хором ярилцсан юм. 

-Гэр бүлийнх нь хүн баатарлаг гавьяа байгуулжээ. Сэтгэгдэл ямар байна? 

-Зөвхөн манай нөхөр ч гэлтгүй олон хүн тэр аврах ажиллагаанд оролцсон байсан. Ямар ч гэсэн хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж байгаад туйлын баяртай байна. Би энэ тухай цахим орчинд гарсан хойно нь мэдсэн. Манай ажлын хүн залгаад “Танай нөхөр хүний амь нас аварчээ” гэхээр нь Батлан хамгаалах яамны сайт руу ороод харсан чинь манай хүний нэрийг биччихсэн байсан. Тэгээд нөхөр рүүгээ зургийг нь явуулаад “Бахархаж байна. Мундаг юм аа” гээд хэлсэн чинь “Энэ чинь зүгээр байдаг л зүйл ээ. Олон хүн ийм аврах ажиллагаанд оролцдог. Санаа зовох хэрэггүй” гээд инээж байсан. Цэргийн хүн хүлээсэн үүргийнхээ дагуу болж байгаа зүйлүүдийг гэр бүлийнхэндээ хэлэх ёсгүй байдаг юм билээ. Тэгээд л хожим хойно мэдсэн дээ. 

-Тухайн үед энэ тухай уншаад яаж хүлээж авсан бэ?

-Байгаа газар нь цагийн зөрүүтэй учраас биднийг унтсан хойно, шөнө фэйсбүүкдээ орж ирдэг. Тэгээд чат бичээд үлдээчихдэг юм. Гэтэл тэр үеэр гурван хоног холбоо бариагүй. Яагаад холбоо барихгүй байгаа юм бол гээд санаа зовоод байж байтал тийм мэдээ гарсан. Анх уншаад, маш их сандарч, айсан. Гэхдээ өөрөөс нь зүгээр гэдгийг сонсох хамгийн сайхан байсан. Мөн нөхрөөрөө маш их бахархаж байгаа. 

-Нөхрийнх нь гурав дах ажиллагаа юм билээ. 

-Анх бид дөнгөж танилцаад, үерхээд удаагүй байхад манай хүн Судан Улс руу үүрэг гүйцэтгэхээр явж байсан. Харин дараагийнх нь хугацаа нь арай бага буюу зургаан сараар Афганистан руу яваад ирж байлаа. Тухайн үед хүүхэдтэй болоогүй байсан болохоор хоёр биеээ санаж, яарч, догдолдог байв. Харин энэ ажиллагаанд явахад охин маань төрөөд, долоон сартай үлдсэн. Хүүхэдтэй болчихсон болоод ч тэр үү, манай хүн эх орондоо ирэх гэж яарч байгаа нь их мэдрэгдэж байгаа. Охиноо санаад, хурдхан уулзахын хүслэн л байх шиг байна. 

-Нөхөртөө хандаж юу гэж хэлэх вэ? 

-Ханьдаа болон хамт үүрэг гүйцэтгэж байгаа чадварлаг хамт олонд нь амжилт хүсье. Хүний газар биеэ бодож, эрүүл энх, үүргээ амжилттай биелүүлээд эх орондоо хурдан ирээрэй. 

Д.Чанцалдулам

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.