СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ярилцлага | 2020-02-18

Филипп Мэрлин: Монголд бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад зориулсан таатай орчин хэрэгтэй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинтэй ярилцлаа. 

-Та манай улсад томилогдож ирээд жил гаруй болжээ. Монгол Улстай анх хэрхэн холбогдож байв?

-Өмнө нь Монголд ирж, ажиллаж байгаагүй. Гэхдээ Монголын баялаг түүх, соёлын өв, үзэсгэлэнт байгаль миний сонирхлыг ихэд татдаг байв. Би коммунист дэглэмтэй орнуудад ажиллаж байсан. Харин Монгол өмнө нь коммунист орон байсан ч эдийн засаг, улс төр, оюун санааны хувьд богино хугацаанд ардчилсан дэглэмд тайван замаар шилжсэн нь үнэхээр сайшаалтай, бас сонирхолтой санагддаг байлаа. Үүнээс гадна манай охин 2016 онд Монголд ирж байсан юм. Тэр үнэхээр авьяаслаг, чадварлаг зурагчин. 2018 онд Франц Улсаас Монголд суух Элчин сайдын ажлын байр зарлагдаж, энэ албан тушаалд хүсэлт гаргахад охин маань болон дээр дурдсан зүйлүүд нөлөөлсөн.

-Томилогдон ирэхээсээ өмнө Монгол орны тухай хэр судалсан бэ?

-Өөрийнхөө хэмжээнд судалсан. Түүнчлэн Парисын Дорно дахины хэл, соёл иргэншлийн төвд хэдэн арван жилийн өмнөөс монгол хэл, соёлын талаар хичээл зааж эхэлсэн. Монголын улс төр, гадаад бодлогын төдийгүй өөр бусад олон зүйлийн тухай ном тэнд байдаг. Би Баабарын “Монголын түүх” болон Францын Монгол руу илгээж байсан анхны элч болох Гильом де Рубрукийн тэмдэглэлийг уншсан. Рубрукийг 1253 онд Мөнх хаантай уулзуулахаар Францын Людвих IX хаан илгээж байсан юм билээ.

-Өмнө нь хэчнээн оронд Элчин сайдаар ажиллаж байв?

-Монгол бол миний Элчин сайдаар томилогдон ажиллаж буй миний анхны улс. Харин дипломатчаар долоон улсад ажилласан. 

-Таны өмнө нь ажиллаж байсан орнуудтай харьцуулахад Монгол юугаараа онцлог байна?

-Монгол дэлхийн бусад улстай харьцуулахад нэлээд өвөрмөц. Маш том газар нутагтай, атлаа цөөхөн хүн амтай. Энэ нь Монголыг бусад улсаас илүү өвөрмөц болгодог юм шиг санагддаг. Энд томилогдохоосоо өмнө Афганистанд ажиллаж байсан. Афганистан бол иргэний дайн, терроризм тэргүүтэй олон хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулгараад байгаа газар. Гэтэл Монгол эсрэгээрээ маш тайван. Мөн хөршүүд орнуудтайгаа элдэв зөрчилгүй, сайн харилцаатай.

-Манай улсын хөгжлийг хэрхэн тодорхойлох вэ. Энэ талаар бидэнтэй үзэл, бодлоо хуваалцахгүй юу?

-Олон зууны турш гаднын ямар ч нөлөөнд автаж, уусалгүйгээр өөрийн хэл, соёлоо авч үлдсэн монголчуудаар би их бахархдаг. Түүнчлэн Монгол бол улс орныхоо төлөө ихийг бүтээж, амьдарч буй нийгмээ сайжруулах эрч хүчээр дүүрэн харьцангуй залуу хүн амтай улс. Энэ нэг том давуу тал шүү. Нийгэм, эдийн засгийн хувьд Монгол Улс богино хугацаанд хөгжих асар их нөөц боломжтой. Хүний нөөцтэй байна гэдэг баялаг л гэсэн үг. Залуу үеэс гадна эдийн засгийг хөдөлгөх гол хүч болох байгалийн баялаг, газар тариалан, аялал жуулчлал, салхи болон нарны эрчим хүч гарган авах боломж бүгд энд байна. Монгол бол боломжоор дүүрэн орон. Энэ бүгд танай орны дэлхийн зах зээлд гарах гарц. Хамгийн чухал нь энэ бүх боломжоо хэрхэн монгол хүн бүрт хүртээмжтэй, болгох вэ гэдэг. Миний бодлоор одоо гадаадын хөрөнгө оруулалт л хамгийн их хэрэгтэй байна. 

-Элчин сайдаар томилогдсоноос хойш хийсэн ажлаасаа онцолбол?

-Юун түрүүнд, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр ихээхэн анхаарч ажилласан гэдгээ хэлэх нь зүйтэй болов уу. Тухайлбал, өнгөрсөн жил Парис хотод Франц компаниудтай уулзаж, худалдаа, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцсэн. Түүнчлэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Францын үхрийн фермийн технологи, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн талаар энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг монгол компани болон малчдыг оролцуулсан семинар зохион байгуулсан. Мөн Франц-Монголын төв болон Монгол дахь франц сургуулиудаар дамжуулан франц хэл, соёл, боловсролыг Монголд түгээх тал дээр ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байгаа. Саяхан хоёр улсын Засгийн газар иргэний аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд Онцгой байдлын газарт аврах нисдэг тэрэг худалдан авахад нь зориулж, хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Үүнээс гадна бид Улаанбаатарт хэрэгжүүлэх дүүжин тээврийн төслийг дэмжин ажиллахаар төлөвлөж байгаа.

-Франц Улс дүүжин бүхээгийг нийтийн тээвэрт ашиглаж байсан хэр туршлагатай вэ?

-Францын “Poma” компани Өмнөд Америк, Орос, Хятад, Алжирт болон Нью Йорк, Парис зэрэг дэлхийн олон хотод дүүжин бүхээгийн системийг байгуулсан, одоо ч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Улаанбаатар харьцангуй жижиг хот. Дүүжин тээврийн хувьд нэлээд хэдэн жилийн өмнөөс амралтын газар, баазуудад цаг агаарын ямар ч нөхцөлд ашиглаж байсан учраас Улаанбаатарт ашиглахад айлтгүй. 

-Энэ жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Ойн хүрээнд ямар ажил төлөвлөсөн бэ?

-Ойн хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлуудыг Монголын талтай ойрын хугацаанд эцэслэн тохирно. Урлаг, спортын болон семинар, үзэсгэлэн гэх мэт хэд хэдэн томоохон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Мөн Боловсрол телевизтэй хамтран “Францын долоо хоног” нэвтрүүлэг хийж, Улаанбаатарын олон улсын кино фестивальд Франц онцлох улсаар оролцоно. Монголын талаас ч олон сайхан санаачилга гаргаж байна. Тухайлбал, хотын дарга С.Амарсайханы санаачилсан Парис хотын нэрэмжит гудамж байгуулах төсөл, Гильом де Рубруктэй холбоотой хэд хэдэн санаачилгыг дурдаж болох юм. Ерөнхийдөө ойг тэмдэглэх хүрээнд энэ жил нэлээд сонирхолтой үйл явдлууд болно.

-Ойн хүрээнд хоёр улсын өндөр албан тушаалтнуудын харилцан айлчлал багтаж байгаа юу?

-Хоёр долоо хоногийн өмнө Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Франц Улсад айлчилсан. Айлчлалын үеэр иргэний аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ер нь айлчлалын талаар хоёр тал хэлэлцэж байгаа.

- Өнгөрсөн хугацаанд манай хоёр улс ямар салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн бэ. Таны бодлоор цаашид ямар салбарт хамтран ажиллавал илүү ирээдүйтэй бол?

-Манай хоёр улс өнгөрсөн хугацаанд зөвхөн Засгийн газрын хүрээнд бус төрийн бус байгууллагуудын тусламжтайгаар соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт чамлахааргүйгээр хамтран ажилласан. Шударгаар хэлэхэд, худалдааны эргэлтийг өсгөх, юун түрүүнд хөрөнгө оруулалт л шаардлагатай байна.

-Монголын аль салбарт Франц компаниуд хөрөнгө оруулах сонирхолтой байдаг вэ?

-Монголд хөрөнгө оруулалт татах олон салбар бий. Тэр тусмаа сэргээгдэх эрчим хүчний салбар хамгийн ирээдүйтэй нь. БНХАУ сүүлийн жилүүдэд цэвэр эрчим хүч ашиглахыг илүүд үзэх болсон. Тиймээс Монгол Улс өөрийн нөөц бололцоогоо ашиглаж, салхи, нарны эрчим хүч үйлдвэрлэн БНХАУ руу экспортолж болох юм. Гэхдээ ингэхийн тулд мэдээж, хөрөнгө оруулалт шаардлагатай. Харин гаднын хөрөнгө оруулалт татахад бизнесийн болон хөрөнгө оруулалтын таатай орчин хэрэгтэй байна. 

- Манай хоёр орон хамтын ажиллагаа, харилцаагаа хөгжүүлэхийн тулд нэн түрүүнд юу хийх шаардлагатай гэж та харж байна?

-Хоёр орны улс төр, хамтын ажиллагаа сайн байгаа. Гэхдээ илүү сайжруулах хэрэгтэй. Францын хөрөнгө оруулагчдыг Монгол оруулж ирэх хэрэгтэй байна. Франц компаниуд Герман, Японыхтой харьцуулахад хөрөнгө оруулалт, худалдааны салбарт төдийлөн идэвхтэй биш ч хөрөнгө оруулалтаараа дамжуулан үнэ цэнтэй зүйл бий болгоход ихэд анхаардаг. Харин тэднийг хөрөнгө оруулахад тогтвортой бизнес орчин, хууль эрх зүйн хувьд аюулгүй байдлыг хангахуйц байх хэрэгтэй байна. Гаднын компанитай хамтран ажиллахаар тохиролцчихоод “Энэ бол Монгол. Харин би монгол хүн. Тиймээс гэрээг зөрчиж, хуулийг үл тоомсорлож болно” гэсэн байдлаар хандаж болохгүй биз дээ. Тиймээс эдийн засгийн хувьд үндсэрхэг үзэл гаргах нь Монгол Улсад маш их хор хөнөөл учруулж болох юм. Ерөнхийдөө Монголд бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдад зориулсан таатай орчин хэрэгтэй байна.

-“Арева” компанийн талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Компанийн үйл ажиллагаа ямар шатанд явж байгаа бол?

-Элчин сайдын хувиар “Арева” бол хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулдаг компани гэдгийг хэлмээр байна. Ямар нэгэн хууль бус үйлдэл гаргаж байсан тохиолдол байдаггүй. Монголын эрх баригчидтай уулзах үеэр Монгол Улс өөрийн гэсэн уран олборлох стратегийн бодлоготой гэсэн байр сууриа илэрхийлдэг. Хуучнаар “Арева” одоо “Орано” болж нэрээ шинэчилсэн. Харин Монголд “Орано” болон Монголын Засгийн газрын хувь нийлүүлсэн компани болох “Бадрах Энержи” үйл ажиллагаа явуулж байна. “Бадрах Энержи”-гийн хувьд Монгол Улсын Засгийн газрын бодлого, хууль, дүрэм журмыг чандлан сахиж байгаа. 

-Монгол залуус Европын орнуудад суралцах сонирхолтой байдаг. Жилдээ хэчнээн монгол оюутан Францад Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг вэ?

-50 оюутан суралцдаг. Үүний 21 нь Монголын Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамтай хамтарсан тэтгэлгээр сурч байна. Францын Төрийн захиргааны удирдлагын дээд сургуульд (ENA) нэг монгол оюутан мөн сурч байгаа. Түүнчлэн Францын их дээд сургуулиудад богино хугацааны сургалтад хамрагдах боломжтой. Гэхдээ мэдээж, Монгол оюутнуудад олгох хоёр орны Засгийн газрын хамтарсан тэтгэлгийн тоог нэмэх шаардлагатай. Тиймээс энэ тал дээр хичээнгүйлэн ажиллаж байгаа.

-Франц Улс дэлхийн улс орнуудад дунджаар хэчнээн оюутанд тэтгэлэг олгодог юм бэ?

-Би тодорхой тоо хэлж чадахгүй нь. Ерөнхийдөө франц хэлтэй орнууд болон боловсролын салбарт эртний харилцаатай орнууддаа түлхүү Засгийн газрын тэтгэлэг олгодог. Харин Франц, Монголын боловсролын салбарын хамтын ажиллагаа харьцангуй шинэ. 1914 оноос анхны монгол оюутнууд баруун Европын орнуудад суралцахаар явж байсан. Энэ үеэс л хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагаа эхэлсэн гэж хэлж болно. 

-Францад хэчнээн монгол хүн эсрэгээрээ Монголд хэчнээн франц хүн амьдардаг талаар сонирхуулбал?

-Манай улсад хэчнээн монгол хүн амьдардаг талаар Монголоос Францад суух дараачийн Элчин сайдаас асуусан нь дээр байх. Харин Монголд өвлийн улиралд 80 орчим франц иргэн тогтмол оршин суудаг. Харамсалтай нь, энэ тоо эдийн засгийн байдлаас болоод буурсаар байна. Харин зуны улиралд 10 мянга орчим франц жуулчин ирдэг. Хэрэв визгүй болчихвол энэ тоо эрс нэмэгдэнэ. Учир нь, Монгол үзэсгэлэнтэй байгальтай, аюулгүй, тайван төдийгүй гайхалтай сайхан ард түмэнтэй орон шүү дээ.

-Элчин сайдын яам жилдээ дунджаар хэчнээн хүний визний мэдүүлэг хүлээн авч байна?

-Жилдээ 4000-5000 хүний визний мэдүүлэг хүлээн авдаг.

-Элчин сайдууд нэг оронд дунджаар 2.5 жил ажилладаг. Таны хувьд Монголд ажиллах хугацаагаа сунгах бодол байгаа юу?

-Элчин сайдуудын томилгоог Францын Засгийн газраас хийдэг. Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч эсвэл Гадаад хэргийн сайд томилгоог дуусгая гэж үзвэл буцахаас өөр аргагүй. Миний хувьд эрх баригчид маань хэдий хугацаагаар Монголд ажилла гэнэ түүнд нь захирагдана. Гэхдээ Монголд аль болох удаан ажиллахыг хүсэж байна. 

Ц.Даваасамбуу

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.