Б.Буянжаргал нарыг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэв
Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарыг цагдан хорих шийдвэрийг Нийслэлийн прокурорын газраас гаргасан байна. Б.Буянжаргал нь Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Т.Болдбаатарын охин гэх мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан.
Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорих тухай саналыг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн аж. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын саналыг хэлэлцээд Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 /Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа/-т заасан үндэслэлээр 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тус тус 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.
Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар ял тулгаад байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.