СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Тэгшбаяр: Нийгэмд үр ашгаа өгсөн төсөл компанийн хариуцлагыг илэрхийлдэг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

“Бизнес, хөгжил” буландаа Хууль тогтоомж, бодлого судалгааны төвийн захирал, судлаач Д.Тэгшбаярыг урьж компаниудад комплаенс нэвтрүүлэхийн ач холбогдол, нийгмийн хариуцлагын сэдвээр ярилцлаа.

-Олон ул­сад мөрддөг компанийн нийг­мийн хариуцлагын зарч­мыг манайд хэр мөрд­дөг бол?

Компанийн нийгмийн хариуцлага гэдэг компа­нийн засаглалын нэг хэсэг.

Анх жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг сонирхлын асуудлыг шийдэх гэж засаглалын асуудал ярьдаг байсан бол дараа нь үндэстэн дамнасан корпорациуд, санхүүжүүлэгч байгууллагууд мөн хаалттай хувийн компаниуд эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Олон улсын байгууллагууд зарчмуудыг тодорхойлоод хэрэгжүүлэхийг компаниудаас шаардаж эхэлсэн. Учир нь аж ахуйн нэгж бүр улс орны баялаг бүтээгч бөгөөд нэмүү өртөг бий болгох процесс нь нийгэмд үр өгөөжөө өгөх, шударга, эрх тэгш байх ёстой. Ажлын байр бий болгож татвар төлөхөөс гадна ашгийн төлөөх байгууллага учраас хувьцаа эзэмшигчиддээ болоод нийгэм, эдийн засагт үр өгөөжөө өгөх ёстой. Манайд хувийн компани үүсээд 30 жил, компанийн засаглал гэх ойлголт бүрдээд 10 жил болж байна.

-Бусад оронд компаниуд нь нийгмийн хариуцлагын хүрээнд яг ямар ажил хийдэг вэ?

-Нийгмийн хариуцлагыг компани, хувь хүн зөвхөн хандив, тусламж, буяны ажил гэдгээр ойлгож байсан цаг өнгөрч өнөөдөр өөрөөр хардаг болсон. Нэг удаагийн буян, хандивт зарцуулж буй мөнгийг аль болох эргэлтэд оруулж олон сайн үйлс, үйл ажиллагаанд зарцуулах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн. Өөрөөр хэлбэл, нийгмийн хариуцлага өөр төвшинд хүрсэн. Латин америк, Африкийн орнуудад нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн “Кенгуру ээж” төслийг сайн жишээгээр дурдаж болно. Дутуу төрсөн хүүхдүүдийг инкубаторт хийж, бүрэн бойжих хүртэл нь инкубаторын зардал, байнгын эмчийн хяналт, сувилагч, цахилгаан, хүчилтөрөгчийн зардал гээд төрөөс зардал, мөнгө их гардаг.

Тэгвэл “Кенгуру ээж” төслийн хүрээнд дөнгөж төрсөн дутуу нярайг инкубаторт биш, нүцгэнээр нь эхийнх нь хэвлий хэсэгт, зориулалтын уутанд хийж өсгөх нөхцөл бүрдүүлсэн төсөл байдаг. Ингэж дутуу нярайг эхчүүд энгэртээ байнга тэвэрч явах, инкубаторыг орлуулж болох уут үйлдвэрлэхэд зориулж компаниуд санхүүжилт олгосон байдаг. Энэ төсөл хэрэгжсэнээр төрийн дутуу нярайн асаргаанд зарцуулах зардал багасч, хүүхдийн эндэгдэл буурах боломжтой нь “Кенгуру ээж” төслийн зардал, үр ашгийн тооцооллоор харагдсан байна.

Дутуу нярайн эндэгдлийг бууруулна гэдэг өөрөө том үзүүлэлт. Мөн энэ төслөөр төрийн зардлыг үр ашигтай бууруулж чадсанаас гадна хүүхэд ганц ээжтэйгээ биш аав, ах, эгчтэйгээ ойр өсөх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, бие биенээ халамжлах дадал хэвшүүлэх зэрэгт ач холбогдолтой болох нь батлагдаж. Нөгөө талаар энэ төсөлд санхүүжилт олгосон компаниуд санхүүжилтээ төслөөс буцаан авч, нийгмийн хариуцлагын өөр төсөлд оруулсан байдаг. Төрөөс тэртээ тэргүй дутуу нярайн асаргаанд өндөр зардал гаргах байсан учраас тухайн төсөл хэрэгжүүлэгчид дэмжлэг үзүүлж арай бага зардал гаргах нь асуудал биш болсон.

Мөн засан хүмүүжүүлэх хорих ангийн хоригдлуудад мэргэжлийн ур чадвар олгох төслүүд байдаг. Нийгэмд гараад тэдгээр хүмүүс давтан гэмт хэрэг үйлдэх нь буурах зорилтод төслүүдийг хэрэгжүүлдэг улс орнууд байна. Манайд зөвхөн төр л эдгээр ажлуудыг өөрийн зардлаар хийж ирсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ёстой гэсэн ойлголт алга. Тэгэхээр үр өгөөж нь хэд дахин илүү энэ мэт нийгмийн хариуцлагын төслийг төрөөс дэмжиж, санхүүжүүлж байгаа байгууллагыг бодлогоор дэмжих болсон. Бодлогоор дэмжинэ гэхээр манайд урамшуулал олгох, татвараас чөлөөлөх гэж ойлгодог. Гэтэл энэ хэлбэр нь нийгмийн хариуцлага гэдэг ойлголтын үндсэн агуулгыг алдагдуулдаг учраас үр ашгийг нь ойлгуулахад түлхүү анхаарах ёстой юм.

– Ямар арга хэрэглэнэ гэсэн үг вэ?

-Нийгмийн хариуцлагын энэ төрлийн төсөл хэрэгжүүлэх нь төрийн зардлыг бууруулах, нөгөөтэйгүүр нийгэмд эерэг хандлагыг төлөвшүүлж байгаа гэдгээр чухал. Компани бол ашгийн төлөө байгууллага. Нэг удаагийн буяны ажилд мөнгө зараад ашиг олохгүй, нийгэмд өгөөж нь хүрэхгүй үлдэж байна. Энэ жишиг буруу гэдэг нь батлагдаад, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд хамтраад нийгэмд өгөөжтэй төсөл хэрэгжүүлж байна. Төслүүдэд хувийн хэвшил санхүүжилт олгож, олгосон мөнгийг төсөл хэрэгжүүлэгч бие даасан байгууллага хэрэгжүүлнэ. Харин төр үүнийг бодлогоор дэмжинэ. Компани өгсөн санхүүжилтээ заавал буцаан олж авч, дахиад өөр төсөлд санхүүжилт олгодог.

Зарим тохиолдолд бага зэргийн хүүтэй нь олж авна. Учир нь төсөл хэрэгжүүлэгч байгууллага бас буяны ажил хийдэггүй, ажил үйлчилгээгээ нийгэмд төлбөртэй хүргэж байдаг. Хамгийн гол нь төр нь улсын төсвийн зардал бууруулах төсөлд санхүүжилтыг олгодог. Төрийн санхүүжүүлсэн эдгээр сайн төслийн үр өгөөжийг эцэст нь тооцоод ашигтай бол төр төслийг үргэлжлүүлж санхүүжүүлнэ, ашиггүй бол өөр сайн төсөл санхүүжүүлнэ. Ингэснээрээ компаниуд нэг удаагийн буяны ажилд мөнгө зарцуулах биш нийгмийн хариуцлагад нэг удаа төсөвлөсөн мөнгөө хэд хэдэн сайн үйлсэд зарцуулах боломжтой.

-Одоо мөнгө угаах зэрэг санхүүгийн гэмт хэргийн талаар ярилцъя. Энэ төрлийн эрсдэлээс хамгаалах нь комплаенсийн нэг чиглэл мөн үү?

– Манайд аж ахуйн нэгжүүд олон төрлийн зөвшөөрөл авах, тайлан гаргах гэх мэт олон удаагийн давтамжтай төрийн албан хаагчтай харьцдаг. Цахим, автоматаар биш хүнтэй биечлэн харьцах нь эрсдэлийг бий болгож, авлига, хээл хахууль өгч, авах эрсдэлийг бүрдүүлдэг гэж үздэг. Нэгэнт авлига, хээл хахууль авчихсан нөхцөлд цэвэрхэн харагдуулахаар мөнгөө угаах нөхцлийг эрэлхийлнэ. Энэ байдал хөгжингүй оронд ч байдаг зүйл. Үүнийг байхгүй болгохын тулд төр нь цахимжиж илүү ухаалаг болох, аж ахуйн нэгжүүд нь дотоод хяналт, комплаенсийг үр дүнтэй хэрэгжүүлж гол нь ил тод, нээлттэй, тайлагнаж мэдээлдэг болох шаардлагатай. Компаниуд нээлттэй, ил тод болох нь төрийн авлигыг бууруулах томоохон үндэслэл болдог. Хэнд, хэдэн төгрөгийг, яагаад төлсөнөө ил тод болгох нь хяналт тавих боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Хэрэв комплаенсийг зохистой хэрэгжүүлбэл олон эрсдэлээс аж ахуйн нэгж өөрөө хамгаалагдах боломжтой.

-Компаниуд өөрийн мэдэлгүй мөнгө угаах гэмт хэрэгт холбогдох магадлалтай гэж ярьдаг. Комплаенс нэвтрүүлнэ гэдэг энэ төрлийн эрсдэлээс хамгаалж чадах уу?

– Компани өдөр тутамдаа олон төрлийн гүйлгээ, худалдан авалт хийнэ. Худалдан авалтаа зах зээлийн ханшаар, шударга, эрх тэгш боломж олгож, нээлттэй хийхгүй бол ялангуяа томоохон төслүүдэд өндөр, хийсвэр дүнтэй нийлүүлэлт, авлига, хээл хахуулийн шинжтэй хэлцэл хийгдсэн байх магадлалтай. Төрийн өмчит хэд хэдэн компани дээр ийм эргэлзээ төрлөө шүү дээ. Ханган нийлүүлэлтээр дамжуулаад хэдхэн хүн баяжчихлаа гэсэн сэжиг иргэдийн дунд байна. Энэ болгонд харилцагчаа таньж мэдэх, гүйлгээгээ хянах, худалдан авалтыг шударга явуулах гэхчилэн комплаенсийн олон үүрэг, зарчим хангагдаж байж бид авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэж чадна. Тиймд комплаенсийн үүрэг функцийг амьд болгох хэрэгтэй.

Тэгэхгүй бол бүх салбар эрсдэлд орно. Одоо ч эрсдэлтэй байгаа асуудлыг цэгцлэх боломж бол бий. Комплаенсийг төрийн байгуулага, төрийн өмчийн нээлттэй, хаалттай бүх компани бүгд зохистойгоор, жишиг болгож ядаж л данс нь шилэн, ил тод байвал үүнийг хянах иргэд, иргэний нийгэм нь дагаад чадавхижиж байдаг. Түүнчлэн компани болгон комплаенс мэргэжилтэнтэй болох шаардлага байна. Комплаенс гэх нь нэр томъёо магадгүй орчуулгаас болоод олон нийтэд тогтож өгөхгүй байгаа боловч компанийн засаглалыг сайжруулах, хувь хүн, байгууллага, нийгэмд тулгарч байгаа олон эрсдэлээс сэргийлэхэд зайлшгүй бий болгох ёстой үүрэг функц юм.

Ц.МЯГМАРБАЯР

2020.1.8 ЛХАГВА № 4 (6229)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.