LIVE: ДБЭТ-ын залуу гоцлооч балетчдыг танилцуулж байна
Монголын балетын урлагт тод гялалзаж яваа Монгол Улсын ДБЭТ-ын залуу гоцлооч балетчдыг танилцуулж байна. Залуу уран бүтээлчдийн хувьд энэ сарын 20, 21, 27, 28-нд "Цөмөөхэй" бүжгэн жүжигт тоглох юм. Ингээд залуу уран бүтээлчид хэрхэн балетын урлагт дурласан, юу гэж боддог талаарх сэтгэгдлийг та бүхэнд хүргэж байна.

ДБЭТ-ын балетчин Б.Мөнхнаран: Жил ирэх тусам мэргэжилдээ дурлаж байна

ОХУ-д суралцаж байхдаа балет гэдгийг мэдсэн. Хэзээ ч нэг удаа балетыг үзээд ойлгодоггүй. Үзэх тусам шинэ мэдрэмж, мэдлэг, нарийн ширийнийг мэддэг. Жизелийг эхэндээ ойлгодоггүй байсан. Дахин дахин үзэж, уншиж байж ая, хөгжим үйл хөдлөл бүх зүйл нь ямар нэгэн зүйлийг дүрсэлж, ярьж байдгийг ойлгосон. Жил ирэх тусам мэргэжилдээ дурлаж байна.
ДБЭТ-ын балетчин Ө.Мөнхжин: Спортын гимнастик балетчин болох зам заасан

Балетаар хичээллээд 10 жил болж байна. ОХУ-д 8 жил суралцсан. ДБЭТ-т сүүлийн хоёр жил ажиллаж байна. Анх балет мэддэггүй, спортын гимнастикаар хичээллэдэг байсан бөгөөд нэг өдөр ээж маань дагуулж яван шалгалт өгүүлсэн. Балет гэж юу болохыг мэдээгүй очоод шалгалтад ороод тэнцсэн. “Цөмөөхэй”-д хоёр дахь жилдээ оролцох бөгөөд энэ жил гол дүр бүтээнэ. Өнөөдрийн байдлаар томоохон гэвэл “Хунт нуур”, “Жизель”, “Щелкунчик” балетад тоглосон.
ДБЭТ-ын балетчин О.Даваадорж: Хувь хүний мэдрэмжээ дүрдээ илэрхийлж өгдөг

Хүн болгон хөл гартай учраас балетаар хичээллэх боломжтой. Мэргэжлийн бүжигчдийн хувьд бусдаас юугаар ялгарах ёстой юм бэ гэдгийг сайн бодож байх хэрэгтэй. Өөрийн хувь хүний мэдрэмжээ дүрдээ илэрхийлж гаргахыг зорьдог. Миний хувьд Английн рояль балетын гоцлол бүжигчин Стивен Макрейнээс үлгэр дуурайлал авдаг. Тэрбээр зөвхөн балет бүжиглэх бус бүх төрлийн бүжгийг бүжиглэж, илүү яаж сонирхолтойгоор үзэгчдэд бүжгээ хүргэхийг зорьдог.
ДБЭТ-ын балетчин М.Нандинцэцэг: Сонгодог урлагаар дамжуулан өөртөө мэдрэмж авах хэрэгтэй

Балетын хувьд нас заасан урлаг биш. Хүн болгон сонгодог урлагийг үзэж сонирхсоноор өөртөө хөрөнгө оруулна. Сонгодог урлагийг үзэж, өөрсдөө хичээллэх нь хувь хүн болгонд хэрэгтэй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.