ВИДЕО: Бохир уснаас хордсон “Sunshine village” хотхоны 18 оршин суугч ХӨСҮТ-д эмчлүүлж байна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард байрлах “Sunshine village” хотхоны гүний худаг бохирдсоноос оршин суугчид энэ сарын 14-нөөс эхлэн гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн бөгөөд тус хотхоны уснаас дулаанд тэсвэртэй савханцар илэрсэн. Тэгвэл тус хотхоны иргэдээс өнөөдрийг хүртэл хордлогын шинж тэмдэг илэрч байгаа тул ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд тус хотхонд ажиллаж эхэлсэн байна.
Хордлогод өртсөн иргэдэд гэдэс хүчтэй базлах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрхээс гадна нэг айлын дөрвөн хүүхэд, гурван том хүн өвдөж, бага насны хүүхэд нь шээс байгаа юм шиг гүйлгэн, бөөлжин, халуурч байгаа хэмээн оршин суугч дурдаж байлаа.
Хотхоны иргэдийн хүсэлтээр ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд хотхоны иргэдээс өтгөний шинжилгээ авч, тандалт судалгаа явуулан зовиур илэрсэн иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байсан юм. Мөн НМХГ болон Ус суваг удирдах газраас мэргэжилтнүүд ирж, худагнаас шинжилгээ авч байлаа.
Хордлого авсан иргэдийн шинжилгээний хариу хэд хоногоос гарах хүртэл хордлого тайлах эмчилгээг гэрээрээ хийж байгаа гэнэ. Шинжилгээний хариу гарснаар иргэдэд ямар төрлийн эмчилгээ хийх ёстойг ХӨСҮТ-ээс хэлж өгөх юм байна.
“Sunshine village” хотхон нь төвлөрсөн усан хангамжийн системд холбоогүй бөгөөд гүний худгаас оршин суугчдын усны хэрэглээг хангадаг байсан юм. НМХГ-аас хяналт шалгалт хийн шинжлэхэд ундны ус болон бассены ус шаардлага хангахгүй байгааг тогтоосон.
Халдварт өвчин намдахгүй байсан тул энэ сарын 17-ны 22:30 мэргэжлийн хяналт, УСУГ шуурхай албаны бүрэлдэхүүн хуралдан тус голомтонд ус нээлттэй болгож болохгүй бүх шугам хоолойг бүрэн ариутгаж дахин шинжилгээ авч хэрэглээнд хэрэглэх асуудалгүй гэсэн дүгнэлт гарсны дараа нийт хотхоны усыг тавихаар болжээ. “Sunshine village” хотхон хэрэглээний усыг нийтдээ 7-10 хоног хаахаар болж иргэд зөөврийн түр худагнаас усаа зөөн хэрэглэж байна.
Тухайн хотхоны орон сууцыг анх улсын комисс хүлээн авах үед комисст Мэргэжлийн хяналтын төлөөлөл байдаггүй, тухайн үеийн удирдлагуудын шийдвэрээр "хасагдсан" байжээ. Мэргэжлийн хяналтгүй комисс байсны хор хохирол гарч байгаа бас нэг тохиолдол нь энэ юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.