Даамын газарзүй
Тив дэлхийн ямар ч насны хүмүүс өөртөө татаж чаддаг оюуны спорт бол даам юм. 80 гаруй төрлийн даамаар дэлхийн улс орнууд нааддагаас Европ, Америк, Африк, Ази тивийн цөөнгүй улс өөрийн үндэсний даамтай аж. Олон орны хүмүүс даам тоглодог болохыг Японы даамчин Масато Кавачи газарзүйн байрлалаар нь үзүүлжээ. Зураг дээр улаан өнгөөр тэмдэглэсэн улсууд нь Дэлхийн даамын холбоо (FMJD)-нд, ногоон өнгөөр тэмдэглэсэн улсууд нь Олон улсын даамын холбоо (IDF)-нд, хөх өнгөөр тэмдэглэсэн улсууд нь тус хоёр холбоонд аль алинд нь харьяалалтай орон гэнэ. Тэгэхээр даам ямар алдартай, сонирхолторй тоглоом болох нь тодорхой юм.

ДААМААР ХИЧЭЭЛЛЭХИЙН АШИГ ТУС НЬ ОЛОН ЗҮЙЛ ДЭЭР ХАРАГДДАГ БАЙНА.
- Ямар ч хүнд сурах арга барилыг өөрт нь төлөвшүүлнэ. Хамгийн түрүүнд тогтвортой сууж сурдаг байна.
- Логик сэтгэлгээг сайжруулна. Тоглолтод амжилт гаргахын тулд нягт уялдаа холбоо бүхий стратегийг сонгох шаардлагатай болно. Өөрийн байрлалд сул тал үүсгэхгүй, өрсөлдөгчийн сул талыг ашиглах, зөвхөн сул тал гэж юу вэ гэдгийг судалж мэдэх гэж тасралтгүй сурах үйл ажиллагаа юм.
- Ямар ч насны хүн тоглож болдгоороо бусад спортоос ялгаатай. Настай хүн залуу хүн шиг, залуу хүн "хашир дайчин" шиг ч тоглож болно.
- Ой тогтоолтыг сайжруулна.
- Даамын онол нэлээд төвөгтэй бөгөөд зөвхөн гараа гэхэд л маш олон хувилбарыг цээжлэх шаардлагатай болдог.
- Даам нь анхаарлаа төвлөрүүлэх чадварыг хөгжүүлдэг. Тоглолтын турш өрсөлдөгчөө ялахын төлөө тэмүүлж байдаг. Өчүүхэн алдаа гаргахад л гарцаагүй хожчихсон тоглолтыг ялагдал болгосон жишээ маш олон бий.
- Маш олон байрлал, боломжоос хамгийн оновчтой, зөв нүүдлийг олоход сургадаг.
- Дүрслэл, бүтээлч байдлыг хөгжүүлнэ. Дааманд тоо тоймгүй олон гайхамшигт цохилт, уран нүүдлүүд бий.
- Бие дааж сурна. Өөрийн дүгнэлтээр чухал шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Энэ тохиолдолд хэн ч танд туслахгүй.
- Үр дүнг урдчилан харах чадварыг хөгжүүлнэ.
- Өөрийгөө урамшуулах боломжийг олгоно. Төгсгөлгүй олон боломжоос хамгийн сайн нүүдэл, хамгийн сайн төлөвлөгөө, хамгийн гоёмсог нүүдлийг олох эрэл хайгуул үргэлж хийх боломж олгоно.
- Хичнээн их ажиллана, төдийчинээ үр дүн гардаг.
- Даам шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлнэ. Шинэ санаа гаргаж, таамаг дэвшүүлж туршина.
- Даамын спортоор хичээллэснээр хичээл сурлагадаа сайжирч, ажил амьдралдаа амжилт олcон жишээ олон бий.
- Эцэст нь дурдахад даам нь харьцангуй бага хэрэглэл материал шаарддаг, өртөг багатай боловч үр өгөөж нь зүйрлэшгүй их спорт юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.